Гавьяат жүжигчин, хөөмийч Сэнгэдорж гуай зуслангийн айлуудыг үлгэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-07 15:45:51

Ховд /МОНЦАМЭ/. Аялал зугаалга, амралтаар явж байгаа иргэд хийгээд зусланд гарсан айлууд хог хаягдлаа голын дагуу хаяж усыг бохирдуулах нь энүүхэнд. 

Ховд аймгийн төвийн захаар урсах Буянт голоо хамгаалж, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, бусдад үлгэр жишээ үзүүлэн аж төрж байгаа зарим  айл өрхийн сайн туршлагыг хүргэе.

Манай улсын нэрт хөөмийч, МУГЖ Н.Сэнгэдорж гуайнх хөрш Н.Шуурай, Н.Намжил нарынхтай хамт дуунд гардаг Буянт голоо даган зусаж байна. Тэднийхээр буув.    

Сүүлийн 10 гаруй жилийн турш Буянт голынхоо эргээр зусаж байгаа Сэнгэдорж гуай айл хөрштэйгээ нийлэн орчин тойрноо цэмбийлгэж, байгалийн сайханд ногоон зүлэг дээр цэвэр цэмцгэр аж төрж байна. 

Зуслангийнхан ногоон зүлэг дээр машинаа байршуулж, газрын хөрсийг гэмтээж байгаа бол тэднийхэн машины зогсоолтой гэнэ.

Гурван айл тус бүр нүхэн жорлонтой, орчиндоо ширхэг ч хог хаядаггүй төдийгүй бохир усаа зүлгэн дээр асгадаггүй гэх. Монгол аргаар ахуйн нөхцөлд тохирсон угаалтуур байршуулжээ. Барьсан гэрүүд нь цэмцгэр агаад дэргэдээ автобусаар зуны тохилог сууц хийсэн харагдана.

Тэдний амьдарч буй орчноос нэг ширхэг ч хог олж харсангүй. Хогоо хогийн саванд хийж тогтмол ачуулдаг гэв. Үүний зэрэгцээ  ойр орчмын  айл, зарим иргэд байгальд сөрөг үйлдэл хийсэн тохиолдолд залруулахыг уриалдаг, шаардлага тавьдаг аж.

Монголчууд байгалиа хамгаалж ирсэн баялаг өв уламжлалтай.Үе дамжин ирсэн өвгөдийн уламжлалыг өөрсдийн үлгэр дууриаллаар хойч үедээ өвлүүлэхээр ахмад хөөмийч зүтгэж байна.

Унаган байгаль дээр амар амгалан, тохилог, эрүүл орчин бүрдүүлэн аж төрж, байгалийн сайхнаас сэтгэл ханамж авч байгаа энэ туршлагаас суралцах боломж нээлттэй. Сайхан зүйл, сайн туршлага бидний дэргэд буй.

                                                            

Холбоотой мэдээ