Булган сум үр тарианы комбайнтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-09 13:03:28

Ховд /МОНЦАМЭ/. “Тулгат багана” ХХК-аас улсын төсвийн 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөө аж ахуйн агропаркийн техник болох 4LZ-8B1 маркын үр тарианы комбайныг  Ховд аймгийн Булган суманд  хүлээлгэн өгөв.

Энэ үр тарианы комбайныг  Америк, БНХАУ-ын хамтарсан “Дунфанхун” үйлдвэр  энэ оны зургадугаар сард үйлдвэрлэсэн аж. 

Мөн монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлог, нэг га-гаас авах ургацын хэмжээ зэргийг харгалзан 5.5 сая төгрөгийн өртөг бүхий  64 нэр төрлийн 540 ширхэг сэлбэг хэрэгслийг үнэ төлбөргүй дагуулан олгожээ.

Дээрх үр тарианы комбайн нь 160 морины хүчин чадалтай бөгөөд 188 квт моторын багтаамжтай, га талбайд  таван литр түлш зарцуулдаг. Тариа  хураах  хүчин чадал секундэд гурван кг бөгөөд цэвэрлэх үеийн үр тарианы алдагдал нэг тонн тутамд таван кг-аас ихгүй, цайруулагч барабаны диаметр 60 мм,  урт нь 120 мм, налуугийн өнцөг 130 градус, сэнсний дундаж хурд  минутад 900 эргэх  аж.

Тус комбайныг Булган сумын 100 гаруй газар тариалан эрхлэгч иргэн ашиглана. Булган сумынхан энэ жил 120 гаруй га талбайд тариалалт хийжээ.

 


Холбоотой мэдээ