Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-09 18:11:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ""Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн цахимаар бүртгүүлжээ. Цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Харин өчигдрөөс буюу энэ сарын 8-аас сонгон шалгаруулах комисс хуралдаж эхэлсэн талаар НОСКас мэдээлэв.

Эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалт хийжээ. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон байна.  

"НОСК"-ийн захирал Б.Сүхбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өрхийн ам бүлийн тоо зэргийг харгалзан эрэмбэлсэн. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван төрлийн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцсон. Танил тал, авлига зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл дараагийн иргэнийг оруулах юм. Сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно" хэмээн ярилаа.

Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4,443 хүн бүртгүүлснээс 58 нь тэнцсэн байна. Улаанбаатарын хаягтай биш, өөрийн эзэмшилд орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй гэх мэт шалтгаанаар 1,356 гаруй иргэнийг сонгон шалгаруулалтаас хассан аж. 

Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдээс “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлсэн байна.


Холбоотой мэдээ