Х. Гарнов: Ингэтийн тариаланчид дөчин жилд хагас сая тонн үр тариа хураасан

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-13 16:42:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын ахмад агрономич Хандын Гарновтой ярилцлаа. Тэрээр энэ жил газар тариалангийн салбарт амжилт гаргасан тариаланчдад олгодог аймгийн хүндэт шагнал болох “Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагнал” хүртсэн юм. Тэтгэвэрт гарсан ч газрын шим хүртэх арга ухааныг хойч үедээ өвлүүлсээр явна.

-Энэ жил атар газар эзэмшсэний жаран жилийн ой тохиож байна. Атрын хоёр их аяны хугацаанд хөдөлмөрлөсөн хүн бол та. Аливаа өсөн үржихийг арвай буудай лугаа хэмээдэг. Хэдий хэмжээний ургац авч байсан бол?

-Нэг ширхэг буудай хэд болж үрждэгийг тарианы түрүү нь дааж ядан ганхах толгойны буудайг тоолоход л гарна даа. Тэгэхлээр дор хаяж л 30-40 болж үржиж байгаа биз.

Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хүн. 1959 онд атрын анхны жил хөдөө аж ахуйн сургуульд элсээд 1964 онд төгсөн Сэлэнгэ аймагт таван жил ажилласан. 1969 оноос Ингэттолгойд ирж тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Надад нэг судалгаа бий.

Гавьяат агрономич Б.Цэрэнгийн судалгааг нэмж нэгтгэсэн юм. Булган аймаг байгуулагдахад энэ нутагт 300 га эргэлтийн талбайтай тариа тарьж байсан юм билээ. 1939 онд шүү дээ. Харин анх 1943 онд атрын сангийн аж ахуй байгуулагдахад 1360 га эргэлтийн талбайтай болсон.

Атар газар эзэмших үеэс тариалалтын хэмжээ нэмэгдсэн. 1959 онд 5606 га эргэлтийн талбайтай, 4500-д нь үр тариа тариалдаг болсон. 1961 оноос хойш жил дунджаар 10,0 орчим мянган га талбайд тариалалт хийж  ирсэн. 1959-2002 он хүртэл Ингэтийн тариаланчид 551,3 мянган тонн үр тариа хураасан гэсэн тооцоо байна.

- Хамгийн өндөр ургацтай жил?

- 1989 онд нэг га талбайгаас 18,8 центнер ургац авсан. Аж ахуйн хэмжээгээр шүү дээ. Тэр жил 13000 га талбайгаас ургац хураасан байна.

- Танай гэр бүлд газар тариалангийн салбарын мэргэжилтэй хүн бий юу?

- Манайх таван хүүхэдтэй. Миний мэргэжлийг өвлөсөн хүүхэд байхгүй. Агрономын үндэс тасалсан гэж загнуулсан үе бий. Хүүхдүүдийн маань нэг нь ногоо тарьдаг. Гэрийн хүн маань агрономич. Би бол хүнсний ногоо хальт мэднэ. Харин үр тариагаа гайгүйхэн шиг мэднэ шүү.Газар тариалангийн сорт сорилын салбарт олон жил ажилласан.

Гавьяат агрономич Б.Цэрэн, Ц.Цэдэндамба гэсэн хүмүүсийн дэмжлэгэйгээр сорт сорилын салбарын үйл ажиллагаа хэвийн явуулсан гэж боддог.

- Нутагшуулсан сортынхоо тухай?

- Анх 1963 оноос улсын хэмжээнд баруун бүс, ойт хээрийн бүс, говь, гэх мэтээр газар тариалангийн сорт сорилын ажил эхэлсэн. Ингэттолгойн сорт сорилын салбарт анх Баяраа гэдэг агрономич ажиллаж байгаад атрын хоёрдугаар аянаар Номгоны сангийн аж ахуйд шилжсэн.

Үүний дараа Өлзийханд, Сүхбаатар нар сорт сорилын салбарыг авч явсан юм. Би 1980 онд энд ирсэн. Түүнээс хойш тасралтгүй ажилласан.

Намайг анх ирэхэд эргэлтийн талбай уринш, үр тариа гэсэн сэлгээтэй. Үрийн дөрвөн бригадтай, цэвэр үрээрээ аж ахуйгаа хангачихдаг. Надад сортоо сорьж үр дүн гаргах л үүрэг ирсэн.

Буудайн 30, арвайн 20, хошуу будааны 9, бог будааны 18 сортыг 4 давталттайгаар 10-аад жил туршсан. Арвайн сортоос Унгарын арвайн сорт шалгарч байсан. Бидний тарьж байсан слака, саратов 29,  орхон сортууд энэ нутагт зохих үр дүнгээ өгсөн.  

- Та сүүлийн жилүүдэд үрийн нөөцийн салбарт ажиллаж байсан?

- Сэлэнгэ сум гаднаас үр авч байгаагүй. Үрийн нөөцдөө жилдээ 3000 тонн үр өгдөг байсан. 1996 онд Ц.Өөлд сайд хамт ажиллах санал тавиад улсын үрийн нөөцийн салбарын эрхлэгчээр есөн жил ажилласан.

- Одоо та юу хийж байна даа?

- Сумын сургуулийн  долдугаар ангийн хүүхдүүдэд агротехникийн анхны мэдэгдэхүүн олгох санаатай долоо хоногт нэг удаа 20 минутын хичээл ордог.

- Сүүлийн жилүүдэд газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үрийн шинэчлэл хийх гэж их эрмэлздэг болсон санагдана?

- Сорт сорилын салбарыг дахин байгуулах гэж байгаад их баярлаж байна. Ноднин долоон сорт туршихад гайгүй байсан. Энэ сайхан ажлыг сэргээж байгаад баяртай байна. Бас нэг зүйл нь энэ нутгийн брэнд бог будаа тарих боловсруулах уламжлалт арга технологийн талаар зөвлөмж гаргамаар байна. Зураг, видео бичлэгтэй байвал зүгээр байна даа.

- Уламжлалт ахуйтай их холбоотой байх аа?

- Өрхийн тариалан юм л даа.

Холбоотой мэдээ