Жуулчид Тайванийн ерөнхийлөгчийн ордонд хонох боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-15 13:56:08

ТАЙБЭЙ. /SCMP/. Тайванийн Засгийн газар ерөнхийлөгчийн ордондоо нэг өдрийг өнгөрүүлэх боломжийг гадаадын жуулчдад олгох шийдвэрийг энэ долоо хоногийн эхээр гаргажээ.


Ерөнхийлөгчийн ордонд нэвтрэх хүсэлтэй иргэд энэ сарыг дуустал уралдааны цахим хуудсанд өөрийгөө танилцуулсан бичлэгээ байршуулах ёстой бөгөөд оролцогчдоос 20 хүнийг сонгож, ирэх 10 дугаар сараас эхлэн зөвшөөрөл олгох ажээ.


Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийн твиттер хуудсанд нийтэлсэн дүрс бичлэгт тэрбээр өөрийн ажлын өрөөгөө танилцуулж, “та энд байх хугацаандаа миний зочин байж, ерөнхийлөгчийн ордонд нэгэн шөнийг өнгөрүүлж яагаад болохгүй гэж? хэмээн англи хэлээр хэлсэн байна.


БНХАУ-ын Засгийн газар Цай Ин Вэнийн засаг захиргаанд эдийн засгийн шахалт үзүүлэх зорилгоор Тайвань руу хувийн аялал хийхийг энэ сараас эхлэн хориглосон юм. Тайванийг сонгон аялдаг жуулчдын дийлэнхийг эх газрын Хятадын иргэд бүрдүүлдэг тул энэхүү шийдвэр Тайванийн аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөө үзүүлжээ.


2018 онд Тайваниар Хятадын 2 сая орчим жуулчин аялсны тэн хагасаас илүү хувь нь хувийн аяллаар ирсэн бөгөөд жуулчдын тоо энэ онд улам нэмэгдэх төлөвтэй байжээ. Ардчилал, эрх чөлөө, нээлттэй байдлаа харуулснаар гадаадын илүү олон жуулчныг татна хэмээн Тайванийн эрх баригчид найдаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ