Цахимаар 28 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-08-19 15:51:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долоодугаар сарын 22-ноос энэ сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох албаныхан танилцуулав.


Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, “Цахим элсэлтийг Чингэлтэй дүүргийн 15 сургуульд зохион байгууллаа. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгдсэн. “School police” эцэг, эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил 25 хүртэлх хувиар, 2019 оны эхний 6 сарын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар буурсан судалгаа гарсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1302, дотор орчинд 5366 ширхэг хяналтын камер ажиллаж байна” хэмээв.


НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэлэхдээ, “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар баталж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн. Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөх ажил дуусах шатандаа орсон. Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээс  55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна” гэв.



Холбоотой мэдээ