Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-21 09:52:35
Yesukheitumur Tumurbaatar

ПАРИС. /Euronews/. Европын нэр хүндтэй “Transcontinental-2019” унадаг дугуйн уралдаанд оролцсон Фиона Колбингер гэх эмэгтэй Болгараас Франц хүртэлх 4000 километр замыг унадаг дугуйгаар туулж, барианд орсон анхны эмэгтэй болжээ.


Долоо дахь жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд 264 тамирчин өрсөлдсөнөөс 40 нь эмэгтэй тамирчин байжээ. Өдгөө 24 настай унадаг дугуйчин Ф.Колбингер уралдааны үед шөнөдөө дунджаар дөрөвхөн цаг унтаж байсан байна. Тэрбээр нийт замыг 10 өдөр, 2 цаг, 48 минутын хугацаанд туулж, мягмар гарагийн өглөө барианд оржээ.


Энэ жилийн уралдааны маршрут Болгар улсын Хар тэнгисийн эрэг дээрх Бургас хотоос эхэлж, Францын Брест хотод дууссан байна. Энэхүү уралдааны онцлог нь амрах цаг, явах замаа дугуйчин өөрөө сонгодог хэдий ч хяналтын дөрвөн цэгийг заавал дайрч өнгөрөх ёстой байдаг аж.

Холбоотой мэдээ