Хүүхдийн чадварт суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар
/МОНЦАМЭ/. “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг
үзүүлэх арга зүй” үндэсний сургалт Сүхбаатар аймагт хоёр дахь
өдрөө амжилттай үргэлжилж байна. Сургалтад тус аймгийн сургууль, цэцэрлэгийн
910 багш хамрагдахаас 886 багш хамрагдаж, хамгийн өндөр буюу 96 хувийн ирцтэй
байна.
БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас хамтран сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулах судалгаа, хэлэлцүүлгийг явуулсан. Үүнд хамрагдсан багш нарын дийлэнх хувь нь багш нарын ачаалал их байна, ажлаас гадуурх зүйлд их дайчлагдаж, үндсэн ажлын цагийн гүйцэтгэлийн харьцаа алдагдаж байна, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө цаасан дээр боловсруулагдаж байгаа боловч тэр нь яг танхимд хэрэгжихдээ төлөвлөснөөс өөр байна, багш төвтэй сургалтын аргазүй голлож байна гэж үзжээ. Тиймээс дээрх газрууд хамтран сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, улмаар шинэ хичээлийн жилээс мөрдөгдөж эхлэх уг хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтыг улс орон даяар явуулж байна.
Нэгж, ээлжит хичээлийн төлөвлөгөөг чанартай сайн боловсруулах, агуулгын залгамж холбоог илүү уялдаатай болгох үүднээс нэгж хичээл, ээлжит хичээл, сургуулийн менежменттэй холбон сургалтаа явуулж буйгаараа онцлог. Нөгөө талаар багш хэдий сайн байгаад хүүхэд дээр үр дүн гарахгүй бол нэмэргүй. Тэгэхээр хүүхдийн чадварт суурилсан сургалтын хөтөлбөр болсноороо давуу талтай. Нөгөө талаар энэхүү сургалтын хөтөлбөр нь илүү хураангүй, багшийн ажлын ачааллыг бууруулсан хөтөлбөр болсон гэж үзэж болно.
Энгийн жишээ гэвэл, хуучин, бага ангид 1255 суралцахуйн зорилт буюу агуулгын зорилт томъёологдсон байсныг 755 болгож 35,5 хувиар, суурь боловсролынх 8,7 хувиар, бүрэн дунд боловсрол дээр 9,2 хувиар бууруулсан гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын албаны дарга Д.Мөнх-Эрдэнэ ярилаа.
“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургалтын хоёрдугаар ээлжийн сургалт 08 дугаар сарын 20-ны өдөр арван аймагт зэрэг эхэлсэн бөгөөд дөрөв хоног үргэлжилнэ.