В.Путин: ОХУ-ыг ЕЗ-д байлгахыг хүсэхгүй байгаа бол үлдэх гэж зүтгэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-22 12:23:12

ХЕЛЬСИНКИ. /TASS/. ОХУ болон Европын Зөвлөл /ЕЗ/ бие биедээ шударга хандаж, үүссэн асуудлуудыг хамтдаа шийдэх хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 


“Бид бие биедээ шударга хандаж, манай улс орнуудад болж буй үйл явдлуудыг бодитоор дүгнэхийн зэрэгцээ үүссэн асуудлуудыг шийдэх гарцыг хамтдаа хайх хэрэгтэй. ЕЗ дэх бидний ажлын хувьд тус зөвлөлд биднийг байлгахыг хүсэхгүй байгаа бол бид үлдэх гэж зүтгэхгүй” гэж В.Путин Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистётэй хэлэлцээ хийсний дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр цохон хэлсэн байна. 


Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё хариуд нь мэдэгдэхдээ, ЕЗ-ийн үйл ажиллагаанд ОХУ үргэлжлүүлэн оролцох нь чухал хэмээн үзэж байна гэжээ. “ОХУ зургадугаар сараас хойш Европын Зөвлөлийн ажилд бүрэн хэмжээгээр оролцож байна. Финланд мөн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсан. Европын хүний эрхийг хамгаалах тогтолцоонд Орос улс үлдэх нь маш чухал” гэж Ниинистё онцлон тэмдэглэжээ.


Украины үйл явдал болон Крымын хойгийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбоотойгоор Оросын төлөөлөгчдийн санал өгөх, ажиглалтын үйл ажиллагаанд оролцох, Европын Зөвлөлийн Парламентын ассамблейн /ЕЗПА/ удирдах байгууллагын бүрэлдэхүүнд орох эрхийг 2014 оны дөрөвдүгээр сард хүчингүй болгосон юм. ЕЗПА Оросын төлөөлөгчдийн санал өгөх эрхийг сэргээх тухай тогтоолыг 2019 оны зургадугаар сарын 26-нд баталсан байна.  

Холбоотой мэдээ