Суданы босогчид олон зуун хүнийг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЖЕНЕВ, 2025 оны арваннэгдүгээр
сарын 1 /DW/. “Шуурхай хариу ажиллагааны хүч” гэдэг босогчдын бүлэглэл /RSF/ Суданы
Эль-Фашер хотыг эзлэн авсны дараа энгийн номхон ард иргэдийн нөхцөл байдал ноцтой хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа НҮБ болон Олон улсын Улаан загалмай
нийгэмлэг илэрхийллээ.
10 дугаар сарын 23-ны өдөр босогчид
хотод нэвтэрснээс хойш шүүхгүйгээр цаазаар авах, хүмүүсийг олноор нь хөнөөх,
хүчиндэх, хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнууд руу халдах, дээрэм тонуул хийх
үзэгдэл газар авсан тухай “түгшүүрт мэдээлэл” ирэх болсныг НҮБ-ын Хүний эрхийн Дээд
комиссарын газрын төлөөлөгч Сейф Маганго өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын
үеэр дурдсан байна.
Одоогийн байдлаар Хойд Дарфур
мужийн засаг захиргааны төв болох Эль-Фашер хоттой холбоо тасраад байгаа тул мэдээлэл
авах боломжгүй болжээ. Тус хотоос дүрвэн зугатаж, зэргэлдээх Тавила хотод ирээд
буй иргэдтэй НҮБ-ын ажилтнууд уулзаж, олон улсын хүмүүнлэгийн
эрхзүй, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буйг харуулсан дүрс бичлэгүүдийг үзсэн
байна. Амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зууд хүрсэн бололтой.
Босогчид эмнэлгүүд рүү халдаж,
хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг хөнөөсөн хэргийг баримтжуулсан байна. Түүнээс
гадна, Хойд Кордофан мужийн Бар хотыг эзлэн авсан босогчид Улаан Хавирган сар
нийгэмлэгийн сайн дурын 5 ажилтныг цаазаар авсан тухай мэдээлэл иржээ.
“Шуурхай хариу ажиллагааны хүч”-ний
босогчид засгийн газрын цэргийн Дарфур муж дахь сүүлчийн түшиц газар болж
байсан Эль-Фашер хотыг 10 дугаар сарын 26-ны өдөр эзлэн авчээ. RSF ба Суданы байнгын
армийн хоорондын мөргөлдөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас хойш
үргэлжилсээр байгаа юм.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Гебрейесус мэдээлэхдээ, Эль-Фашер хотын төв эмнэлэг болох Саудын больницод 460 гаруй өвчтөнүүд, тэднийг сахиж байсан хүмүүс амиа алдсан гэжээ. Мөн 2023 оны дөрөвдүгээр сараас хойш Суданы эмнэлгүүд рүү халдсан тохиолдол 185 удаа гарсан бөгөөд 1204 хүн амиа алдаж, 416 хүн шархадсан байна.
Улаанбаатар