“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-22 12:48:30

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн департамент террорист “Лалын улс” бүлэглэлийн гурван толгойлогчийг барихад тус болох мэдээлэлд шан амласан байна.


““Лалын улс”-ын гурван гол толгойлогч болох Амир Мухаммед Саид Абдель Рахман аль-Маул, Сами Жасем Мухаммед аль-Жабури, Муатаза Науман Абд Наефа Нажем аль-Жабури нарын байгаа газрыг тогтооход тус болох мэдээлэл өгвөл Төрийн департаментын “Rewards for Justice” хөтөлбөрөөс 5 сая хүртэл ам.долларыг санал болгож байна” гэж АНУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ.


“Rewards for Justice” хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департамент 1984 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар Вашингтоны эрх баригчид хамгийн их буюу 25 сая ам.долларын шагналыг “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдадиг барихад эсвэл устгахад туслах мэдээлэлд амласан байна. АНУ-ын эрх баригчид түүнийг “Аль-Каида” бүлэглэлийн Ирак дахь сүлжээг толгойлдог байх үед олон улсын онц аюултай террорист хэмээн зарласан юм. Вашингтон “Аль-Каида”-гийн одоогийн толгойлогч Айман аз-Завахиригийн байгаа газрын талаарх мэдээлэлд мөн ийм хэмжээний шан амлажээ. Аз-Завахириг Пакистанд нуугдаж байгаа гэж таамаглаж байгаа аж.

Холбоотой мэдээ