БНСУ Японтой тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоохоор боллоо

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-23 10:02:02

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын эрх баригчид Япон улстай байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээнээс гарах шийдвэр гаргажээ.


“Засгийн газар Япон улстай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоохоор шийдсэн. Холбогдох шийдвэрийг дипломат сувгаар Токиод мэдэгдсэн” гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын орлогч дарга Ким Ю Гын пүрэв гарагт Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Сөүл-Токиогийн хоорондох итгэлцэл алдагдсан гэх шалтгаанаар БНСУ-ыг худалдааны итгэлтэй түнш орнуудын жагсаалтаас хассан учраа Японы эрх баригчид тайлбарлаж чадаагүй бөгөөд энэ нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд зохих өөрчлөлтийг дагууллаа” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Үүнээс гадна,  тэрбээр “цэргийн чухал мэдээлэл солилцох гэрээг сунгах нь БНСУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхээ больсон” гэдгийг мэдэгдсэн байна.


Японы нано болон өндөр технологийн материалыг хөнгөлөлттэй нөхцөлөөр, хялбаршуулсан журмын дагуу нийлүүлдэг орнуудын жагсаалтаас БНСУ-ыг хасах шийдвэрийг Японы Засгийн газар энэ сарын 2-нд гаргасан бөгөөд энэ шийдвэр нь наймдугаар сарын 28-нд хүчин төгөлдөр болох юм. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын эрх баригчид хариу хязгаарлалтын арга хэмжээ авч, Япон улстай байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээгээ эргэн харахаа мэдэгдсэн юм.


Сөүлийн шийдвэртэй холбогдуулан БНСУ-аас Японд суугаа Элчин сайд Нам Гван Пёог пүрэв гарагт Японы Гадаад хэргийн яаманд дууджээ.


Холбоотой мэдээ