Замын ослоор хоёр хүний амь хохирчээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-08-26 10:49:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 496 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн осол, хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтэж, орон нутагт 2 хүний амь хохирсон байна. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 28-ны 08.00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр багийн нутаг “Ихэр Ухаа” гэх газар улсын дугааргүй “Haojie” загварын мотоцикл онхолдож, жолооч 57 настай эрэгтэйн амь хохирчээ. Мөн өдрийн 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн тавдугаар гудамжинд "Toyota Prius" загварын автомашин айлын хашаа дайрч, хашаан дотор явж байсан найман настай хүүг мөргөн аминд нь хүрчээ. 


Жолооч бүр замын хөдөлгөөний дүрмийг сахиж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.  

Холбоотой мэдээ