Монголын зохиолчид БНХАУ-д айлчлаад ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, Хятадын Зохиолчдын Хорооны урилгаар энэ сарын 18-24-нд тус улсад айлчлан, ажил хэргийн уулзалт хийгээд иржээ.
МЗЭ 2018 оноос Өвөрмонгол, Хятадын зохиолчдын удирдах байгууллагатай гадаад харилцаагаа эхлүүлсэн юм. Айлчлалд До.Цэнджав, Т.Баасансүрэн, О.Сундуй, А.Амарсайхан, П.Батхуяг, Б.Урангоо нар оролцож, Өвөр монголын Утга урлагийн холбооны дарга Мөнгөн-Уул, Өвөр монголын зохиолчдын хорооны дарга Дорнотэнгэр зэрэг албаны бусад хүмүүс, сонин сэтгүүлийн эрхлэгч, орчуулагч, эрдэмтэн судлаачидтай уулзжээ.
Өвөр монголын зохиолчдын хороо, Утга урлагийн холбоонд нь соёл урлагийн 14 байгууллага харьяалагддаг. Манай зохиолчдыг Бээжин хотод Хятадын зохиолчдын хорооны гадаад харилцааны ажилтан Ази, Африк хариуцсан газрын дарга Ли Чян, Монголын ЭСЯ-ны соёлын атташе Б.Энх-Үр, Бээжингийн радиод ажиллаж байгаа манай яруу найрагч Д.Болдхуяг, Төвийн Их сургуулийн салбар сургуулийн дэд захирал Хувьсгалт нар тосож, Лү Шюнь зохиолчийнхоо цээж баримлыг хүндэтгэн залсан Хятадын Зохиолчдын Эвлэлийн төв байранд хүлээн авч уулзсан байна. Уулзалтад Хятадын Зохиолчдын Хорооны орлогч дарга Ли Жяньгүн, Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Ли Жинчи, Хятадын нэрт зохиолч Гүө Шүйбо “Үндэсний утга зохиол” сэтгүүлийн найруулагч Мөнхцэцэг нар болон бусад зохиолч оролцжээ.
Хоёр орны зохиолчдын байгууллага өөрсдийн үүх түүх, бүтэц зохион байгуулалт, явуулдаг үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон байна. МЗЭ-ийн дарга До.Цэнджав Монголын зохиолчдыг найрсгаар хүлээн авсанд талархлаа илэрхийлээд, хоёр орны утга зохиолын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын тулд байнгын тасралтгүй харилцаа нэн чухлыг дурдан, хоёр орны зохиолчдын бүтээлийг хятад, монгол хэлээр орчуулах, хэвлэн нийтлэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцуулах зэрэг тодорхой саналууд гаргав. Бээжингийн төв радиогийн мэргэжилтэн, МЗЭ-ийн гишүүн, “Болор цом” наадмын шагналт Д.Болдхуягийг Бээжин хот дахь МЗЭ-ийн суурин төлөөлөгчөөр томилсноо Хятадын зохиолчдын удирдлагад албан ёсоор мэдэгдэв. Ингэснээр МЗЭ гадаад дахь албан ёсны гурав дахь салбараа нээв.
МЗЭ 21 аймаг, мөн зарим дүүрэгт салбар зөвлөлтэйн дээр 2013 онд АНУ, 2015 онд Европт салбар зөвлөлөө нээсэн юм. Хятадын зохиолчдын хороо 12.000 орчим гишүүнтэй. Жилдээ 400 гаруй гишүүн элсүүлдэг юм байна.
Хятадын зохиолчдын хороо нь хоёр ордонтой, хоёр ч амралт сувиллын газартай. Жилийн төсөв нь 15 сая юань. Шилдэг бүтээл туурвисан зохиолчиддоо олгодог “Мо дун”, “Лү Шюнь”, “Ажнай”, “Хүүхдийн зохиолчдын шагнал” гэсэн 4 томоохон шагналтай. Манай зохиолчдын төлөөллийг Шаньси муж дахь, уул уурхай эрдэс баялгаар /нүүрсний их нөөцтэй/ улсдаа нэгдүгээрт ордог, 3000 жилийн түүхтэй Датун хотоор аялуулсан байна. 2012 онд Нобелийн шагнал хүртсэн Мо Яны ном өмнө нь 20.000 хувиар борлогддог байснаа, Нобелийн шагнал авснаас нь хойш 2 сая хувиар зарагддаг болжээ. Хятадад уран зохиолын ийнхүү үнэлж, уншигчид нь ч олширсон байна.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг Хятадын утга зохиолыг тэр тусмаа шилдэг өгүүллэгийн бүтээлийг монгол уншигчдад таниулах зорилгоор санаачлан 70 жил, 70 зохиол, 70 өгүүллэг нэртэй ном бүтээж буй юм байна. Номын нээлт 9 дүгээр сарын 14-нд Улаанбаатар,Бээжин хотод тус тус болно. Мөн 9 дүгээр сарын 04-нд Хятадын “Алдарт Дөрвөн зохиол” номын нээлт Улаанбаатарт болох юм байна.