Баян-Өлгийн бүх зохиолчийн бүтээлийг хамруулсан номын үзэсгэлэн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-28 16:10:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Нийтийн номын сангийн түүхт 70 жилийн ой ирэх сарын 9-10-ны өдрүүдэд тохионо. Ойн баярыг угтан тус аймгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын номын үзэсгэлэн гаргахаар болжээ.

Үзэсгэлэнд 1955 оноос хойш хэвлэгдэн гарсан бүх ном, зохиолуудыг хамруулахыг зорьж байгаа аж.

"Номын сангийн 70 жилийн ойг тохиолдуулан яруу найргийн уралдаан, аймгийн зохиолч, яруу найрагчдын болон шинэ номын үзэсгэлэн зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд орон нутгаас тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Баярын үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос Б.Ичинхорлоо тэргүүтэй төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Өскемен хотын О.Бөкейн нэрэмжит номын сан, А.С.Пушкиний нэрэмжит Дорнод Казахстан мужийн Төв номын сангийн удирдлага, номын санчид ирж оролцохоо илэрхийлээд байна" хэмээн Нийтийн номын сангийн эрхлэгч Д.Алтынгүл хэлэв.   

Тус номын сангийн суурь нь анх 1945 оны дөрөвдүгээр сарын 1-нд аймгийн клубийн дэргэд эсгий гэрт 1500 номтой байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 1951 онд 4750 номтой аймгийн Номын сан болж байгуулжээ. Харин эдүгээ сан хөмрөгтөө 60 мянга гаруй номтой /нийт номын 50 хувь нь монгол хэлээр, 40 хувь нь казах, 10 хувь нь англи, орос болон бусад хэлээр/, 17 ажилтантай номын сангийн арга зүйн төв болон өргөжиж 70 жилийн ойтойгоо золгож байгаа нь энэ ажээ.  

           

Холбоотой мэдээ