Тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургагч багш бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-28 21:07:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран "Тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургалт"-ыг энэ сарын 27-ны өдөр Өлгий хотод зохион байгуулав.

Тус сургалт нь анхан шатны түвшинд тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургагч багш нарыг бэлтгэх зорилготой бөгөөд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтан, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудаас 35 хүнийг хамруулсан байна.

"Манай улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, гурван хүн тутмын нэг нь энэ төрлийн эмгэгээр нас барж байна. Нэг иргэн долоо хоногт дунджаар дөрвөн хайрцаг тамхи татлаа гэхэд, жилдээ 832 мянган төгрөг буюу талхны мөнгөнөөсөө хоёр дахин их мөнгийг тамхинд зарцуулаад байгаа. Баян-Өлгий аймгийн хувьд өмнө нь эмэгтэйчүүдийн дотор тамхи татдаг хүн бараг байхгүй байсан. Харамсалтай нь сүүлийн үед тамхи татдаг охид, бүсгүйчүүдийн тоо өсөж байна. Энэ хэмжээгээр үргүйдэл, үр зулбах өвчин нэмэгдэж байгаа. Тийм учраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хамаарлыг буруулах үүднээс орон нутагт сургагч багш бэлтгэж байгаа" хэмээн аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн эрхлэгч Е.Сауле хэллээ.

Дээрх сургагч багш нар нь цаашид тамхины донтолтоос салах, хамаарлыг буруулах, эм бэлдмэлүүдийг хэрхэн зүй зохистой хэрэглэх чиглэлээр иргэдийн дунд сургалт, сурталчилгааны ажлуудыг хийх ажээ. 

Холбоотой мэдээ