Цэцэрлэгийн гал тогооны 8 төрлийн 90 орчим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-30 14:58:41

Ховд /МОНЦАМЭ/. Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу ТИКА олон улсын байгууллагаас Ховд аймгийн төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилж, 8 төрлийн 90 орчим тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Цэцэрлэгийн гал тогооны  эдгээр  тоног төхөөрөмжийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр Жаргалант сумын 11 дүгээр цэцэрлэг дээр боллоо. Тус үйл ажиллагаанд ТИКА олон улсын байгууллагын төлөөлөл болон орон нутгийн удирдах ажилтан, боловсролын салбарын мэргэжилтнүүд оролцсон юм.

Сүүлийн жилүүдэд цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, бага насны хүүхдийг эрүүл, чанартай хоол хүнсээр хангахын тулд шинэчлэл хийх шаардлагатай болсон.

Тиймээс ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд боловсролын салбарт хамтран ажиллаж, улмаар цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх тухай санал уламжилсан аж.

Энэхүү саналын дагуу төрийн өмчийн 32 цэцэрлэгт судалгаа хийж,  тухайн  цэцэрлэгүүдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн нэг, хоёрдугаар хоолны тогоо, шарх шүүгээ, будаа агшаагч, буузны жигнүүр, дээжний хөргөгч, махны машин, хөлдөөгч зэрэг тоног төхөөрөмжийг тусгай хуваарийн дагуу олгож эхэллээ.

Бага насны хүүхдийн өсөлт, хөгжилд эрүүл, зөв хооллолт чухал үүрэгтэй. Ийнхүү цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилснээр хүнсний аюулгүй байдлыг хангах, стандартын дагуу бүтээгдэхүүнийг хадгалах боломж бүрдэж байна.

Ховд аймгийн төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмжийг өнгөрсөн 2011 онд шинэчилж байжээ.   

 

Холбоотой мэдээ