АНУ, БНХАУ харилцан нэмэлт татвар ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-02 09:30:03

БЭЭЖИН/ВАШИНГТОН. /Reuters/. АНУ өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын гутал, ухаалаг цаг, телевиз зэрэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулж, үүний хариуд БНХАУ нефть тэргүүтэй АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулснаар хоёр талын худалдааны маргаан улам даамжирсан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгүүлчдэд мэдээлснээр, хоёр талын төлөөлөгчид энэ сарын сүүлээр уулзах ажээ. Мөн тэрбээр твиттер хуудсандаа жиргэхдээ, би улсынхаа Хятадаас хамааралтай байдлыг багасгахыг зорьсон хэмээгээд, Хятадаас өөр нийлүүлэгч олохыг Америкийн компаниудад дахин уриалжээ.


Нэмэлт татварын шинэ үе шат орон нутгийн цагаар ням гарагийн 12 цагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагтай хоёр орны худалдааны дайн жил гаруйн өмнөөс эхэлснээс хойш нефтийн бүтээгдэхүүнд анх удаа татвар ногдуулсан нь энэ юм. Тодруулбал, БНХАУ Америкаас гаралтай 5078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 1717-д нь 5 болон 10 хувийн нэмэлт татвар ногдуулжээ.


Д.Трампын засаг захиргаа цаашид Хятадын импортын 125 тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдсэний дунд ухаалаг өсгөгч, “Bluetooth” чихэвч, хувцас зэрэг багтаж байгаа ажээ. БНХАУ үүний хариуд АНУ-ын 75 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах үйл явцыг эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ