“Хангайн цом-2019”” яруу найргийн наадам Өндөр-Улаан суманд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-02 16:46:25

Архангай /МОНЦАМЭ/. “Хангайн цом-2019” яруу найргийн наадмыг 20 дугаар зууны уран зохиолын сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болгон найрагчийн төрсөн нутаг Өндөр-Улаан суманд зохион байгуулсан юм.

30 гаруй жилийн түүхтэй энэ наадмыг “Хан тамир” утга зохиолын төвөөс улсын хэмжээнийх болгон хоёр дахь жилдээ зохион явуулжээ. Энэ жилийн наадамд 10 аймгийн найрагчид бүртгүүлснээс нэгдүгээр шатанд 20 найрагч шалгаран Архангай аймгаас давуу эрхтэйгээр таван найрагчийг бүртгэн нийт 25 яруу найрагч шүлэг, найргаараа өрсөлдлөө.

Дөрвөн шаттай зохион байгуулсан наадмын тэргүүн байрыг Төв аймгийн яруу найрагч Дашзэвэгийн Цогбадрах эзэлж, дэд байрыг Дундговь аймгийн харъяат Сэр-Одын шагналт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга хүртлээ. Гуравдугаар байрт Завхан аймгийн харьяат залуу найрагч Товуусүрэнгийн Амар-Амгалан, дөрөвдүгээр байрт Ховд аймгийн харьяат Сэр-Одын шагналт 2018 оны Хангайн цомын эзэн Батдоржийн Жамбалдорж, тавдугаар байрт Хөвсгөл аймгийн харьяат яруу найрагч Батхуягийн Хадбаатар шалгарлаа.

Яруу найргийн наадмын ерөнхий шүүгчээр  МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч П.Батхуяг, шүүгчдээр яруу найрагч О.Содномпил, А.Төмөрсүх нар ажилласан юм.

Архангай аймгийн зохиолч, яруу найрагчдын “Хан тамир” утга зохиолын төвөөс санаачлан Мягмарсүрэн найрагчийн гэр бүл, төрөл төрөгсөд дэмжиж, УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн энэхүү наадмыг ивээн тэтгэжээ.

Өндөр-Улаан суманд зохион байгуулсан "Хангайн цом-2019" яруу найргийн наадмын хүрээнд “Сумын заан” шүлгийн нэрэмжит 32 бөхийн барилдаан болж, сумын цолтой 10 гаруй бөхөөс гадна яруу найрагчид мөн зодоглосон юм. Энэхүү барилдаанд Өндөр-Улаан сумын харъяат Сумын заан Б.Батмэнд түрүүлж, Сумын заан Т.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.

Наадмын үеэр Өндөр-Улаан сумын ЕБС-ийн сурагчдын дунд уран уншлагын тэмцээн, гар зургийн уралдааныг хамтатган зохион байгуулж, Мягмарсүрэн найрагчийн ангийн хүүхдүүд шагналыг ивээн тэтгэж байлаа.  Мөн наадамд оролцогчид 500 гаруй номыг Өндөр-Улаан сумын сургуулийн номын санд хандивлалаа.

Холбоотой мэдээ