Завханы театрын бүжигчин Э.Амаржаргалын бүжиг шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-06 13:51:44

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүжигчин Э.Амаржаргал БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд амжилттай оролцоод иржээ.

Тэрээр Монгол Улсын СТА бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн "Tradional Arch Epic" буюу "Нуман туульс" нэртэй бүжгээр оролцжээ. Түүний бүжиг Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас шилдэг бүжгээр шалгарч, шилдэг бүжигчдийн нэгдсэн тоглолтод амжилттай оролцжээ.

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдаанд дэлхийн 200 гаруй бүжигчид оролцсон байна. Бүжигчин Э.Амаржаргал нь 10 гаруй жил бүжгээр хичээллэж буй туршлагатай бүжигчин аж. Мөн “AMKA dance” бүжгийн сургалтын төвийг байгуулаад хоёр жил болох гэж байгаа. Тэрээр бүжгийн спортоор хичээллэх давалгааг фэйсбүүкийн аймгийнхаа нэгдсэн группт өрнүүлж насанд хүрэгчдийг эрүүл, зөв галбиртай биетэй болохыг уриалаад байгаа билээ. Энэхүү давалгаа багагүй хандалтыг аваад байгаа бөгөөд иргэд бүжиглэж буй бичлэгээ цахимд тавьж бусадтай хуваалцдаг болсон байна. Тус сургалтын төв өнөөдөр 100 гаруй хүүхэд, насанд хүрэгчид байнгын суралцагчтай болжээ.

 

Холбоотой мэдээ