Хүчирхийллээс хамгаалах байранд 5 эмэгтэй, 12 хүүхэд үйлчлүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 12:04:11

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах түр байр нээгдэн үйл ажиллагаа эхлүүлээд жилийн нүүр үзэж байна. Хамгаалах байр нь нууцлалын өндөр орчинд байх ёстой ч орон нутгийн жижиг хүрээлэлд хаягийн байршил олонд ил болоод байгаа гэнэ.

Тиймээс Цагдаагийн газар, Тахарын алба, орон нутгийн Хүний эрхийн комисс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлээ хүчирхийлэлд өртүүлсэн, хамгаалах байр руу халдсан этгээдүүдийг баривчлан саатуулдаг аж. 

Тус байранд 2015 онд 8 эмэгтэй 9 хүүхдийг хүлээн авч үйлчилсэн бол 2016 он гарсаар 5 эмэгтэй, 12 хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс зугатан тус бүр нэг сарын хугацаанд байрласан байна. Хэдийгээр үйлчүүлэгчдийн тоо заасан хэмжээнээс давж байгаа ч хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд үнэлгээ хийгээд тэднийг хүлээн авахаас өөр аргагүй гэдгийг ажиллагсад хэлж байлаа. Нэг эмэгтэй 2-5 хүүхэд дагуулж ирдэг учраас ор хүрэлцэхгүй тохиолдол гардаг гэнэ. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбогдохын тулд өдрийн цагаар 70323355, 24 цагаар 89323355 гэсэн утсыг ажиллуулж байгаа ба түр байранд нийгмийн ажилтан, сэтгэлзүйч гэсэн хоёрхон орон тоон дээр ажлын ачаалал их байгааг хэлж байв.

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Австралийн элчин сайдын яамнаас зарласан төслийн уралдаанд оролцон дэмжигдэж 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авснаар тус байрыг 2015 онд байгуулсан юм. Мөн орон нутгаас 55 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, ажиллагсдын цалин хангамж, үйл ажиллагаанд шаардагдах ахуй хэрэгслээр хангаж өгчээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр нь 8 ортой хөгжлийн буюу амралтын өрөө, хүүхдийн өрөө, насанд хүрэгчдийн унтлагын өрөө, зөвлөгөө мэдээллийн өрөө, ажлын өрөө, гал тогоо, угаалгын өрөө гэсэн зохион байгуулалттай аж.  

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ