АХБ-наас Монгол Улсад 334 сая ам.долларын зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-12 18:16:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохирсон. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252 сая, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82 сая ам.долларын зээл олгохоор төлөвлөөд байгаа аж. Зээлийн санхүүжилтээр хүнсний ногоо, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх таван төсөл хэрэгжүүлэх юм. Уг төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь дэмжсэн юм.


Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.


Төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10 мянган өрхийн орон сууц барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгон агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэхээр урьдчилсан төлөвлөсөн байна. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь  бөгөөд хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 63.3 хувь дэмжсэн юм.


Улмаар Экспортын зээлийн тухай Монгол, Беларусь улсын Засгийн газрын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцэв. Монгол, Беларусь улсын Засгийн газар 50 сая еврогийн "Зээлийн  ерөнхий хэлэлцээр”-ийг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд байгуулсан. Зээлийг эргэн төлөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 2 жил байна.  Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Уг төслийг гишүүдийн олонх дэмжлээ.


Хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Монгол Улс нь ЕСБХБ-ны гишүүнээр 2000 онд элсэж, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон билээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэж байсан бөгөөд тухайн онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгуулжээ. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” байгуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд байна. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам, долларыг олгох бөгөөд эргэн төлөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 3-5 жил байна.


Мөн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол, Унгар улсын Засгийн газрын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол, Австри улсын Засгийн газрын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Түүнчлэн  Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг дэмжлээ.

Холбоотой мэдээ