Ардчиллын түүхийн 30 жилийн алдаа оноог дэнсэлж байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-13 16:49:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ардчилсан орон гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг үлгэрлэн хөгжүүлж буй загвар орноор үнэлдэг хэмээн Туушин зочид буудлын танхимд өнөөдөр болсон "Монгол Улс - Ардчиллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ?" сэдэвт онол, практикийн хурлын үеэр судлаачид онцолж байв.


Европын орнуудад 1989 оны 9 дүгээр сарын 15-нд анх ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Тиймээс 2007 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн энэ өдрийг "Олон улсын ардчиллын өдөр" болгон тэмдэглэхээр тогтсон юм. Энэ онд тохиож буй Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд "Олон улсын ардчиллын өдөр"-ийг манай улсад анх удаа өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдрийг угтаж Ардчилсан намаас санаачлан хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь "Монгол Улс - Ардчиллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ?" сэдэвт онол, практикийн хурал юм. 


Онол практикийн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, ЕТГ-ын дарга З.Энхболд нарын албаны хүмүүс оролцож үг хэлсэн. Түүнчлэн гадаад, дотоодын эрдэмтэн судлаач, улс төрийн намын төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог дэнсэлж байлаа. 



Онол практикийн хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын ардчиллын өдрийн мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах гэж буйг онцолсон юм. Уг төсөл нь үндсэндээ хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр, "Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаас хойш Монголын парламент алдаа, оноогоо цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж явсаар ирсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг энэ удаагийн УИХ хэлэлцэн баталлаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Ард нийтийн санал асуулгаар оруулахаар бэлтгэсэн Үндсэн хуулийн төслийн эхийн гол агуулгыг товчоор хэлбэл нэгдүгээрт, дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засаж, сайжруулсан. Хоёрдугаарт, УИХ-ын сахилга, хариуцлагыг нэмсэн. Гуравдугаарт, шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг хангасан. Дөрөвдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг нэмж, улсын болон орон нутгийн статустай хоттой болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ нэмэлт, өөрчлөлтийн гол үндэс нь 2015 онд Ардчилсан намаас өргөн барьж байсан төслийн үзэл санаатай нэг гэдгийг хэлмээр байна. Ганцхан 99 гишүүнтэй байх гэсэн тоо заасан саналыг дэмжээгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хамтдаа баталгаажуулж, ардчиллаа, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг нийт улс төрийн намдаа уриалж байна" хэмээсэн юм. 



УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, "1989 оны эцсээр Монгол оронд сэвэлзсэн ардчиллын анхны салхи Монголын нийгмийг үндсээр нь өөрчлөх, коммунист тоталитар дэглэмээс чөлөөт ардчилсан тогтолцоонд шилжих агуу хувьсгалыг эхлүүлсэн юм. Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу тайван замаар шилжсэн энэхүү хувьсгалын ачаар Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, бие даасан бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх боломжтой болж, эрх чөлөөт жам ёсны хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй орсон билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол орон ардчилсан хөгжлийнхөө явцад олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч тэдгээрийг амжилттай даван туулсаар өнөөдрийн энэ өдөртэй золгож байна. Бидний оносон маань алдсанаасаа хавь илүү. Бид анхнаасаа парламентын хэлбэртэй ардчилсан тогтолцоог сонгосон бөгөөд олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгуулийг тогтмол хугацаанд явуулж, сонгуулийн үр дүнгээр олонх болсон улс төрийн хүчин нь засгийн эрхээ барьж, сонгогчиддоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг явдал өнөөдөр манай нийгмийн амьдралын хэв маяг болон тогтлоо. Парламентын ардчиллын энэхүү тогтолцоо хэдийгээр засаж сайжруулах, өөрчилж шинэчлэх зүйл ихтэй ч өнгөрсөн 30 жилийн туршид олон намын тогтолцоо, олон ургалч үзэл, хүний эрх, үндсэн эрх чөлөө, чөлөөт ардчилсан сонгууль зэрэг ардчиллын тулгуур зарчмуудыг хадгалан авч үлдэх, дэлгэрүүлэн хөгжүүлэх үндэс суурь, гол баталгаа нь болж ирснийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй" хэмээсэн юм. 



Олон улсын ардчиллын өдөр нь ардчиллын замаар замнаж буй тухайн улс, дэлхий нийтийн хүрээнд ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо үнэлж цэгнэдэг өдөр. Монгол Улс олон улсын ардчиллын өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлснээр олон улсад ач холбогдлоо улам өргөж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.


Хуралдаанд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.



Илгээлтэд, "Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон ардчиллын төлөөх анхны цуглаанаас хойш монголчууд бид ардчилалд алхам алхмаар суралцсаар өнөөдрийг хүрч ирлээ. Ардчилал бол хэзээ нэг цагт хүрч очих цэг, эсвэл зорилт биш, байнга суралцах, үргэлж тордож сайжруулж байх ёстой тасралтгүй үйл явц юм.


Ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилд Монголын нийгэм олон сорилтыг амжилттай даван туулсаар ирлээ. Хэдийгээр хүнд бэрх цаг үетэй тулгарч, цөөнгүй бэрхшээлтэй учирч байсан ч монголчууд ардчиллаас хэзээ ч үл ухран, ардчиллын үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил, амьдрах ажиллах орчноо болгон төлөвшүүлж чадсан нь өнгөрсөн он жилүүдийн гол ололт амжилт мөн. Ололтын хажуугаар алдаа эндэгдэл ч бас оршиж ирлээ. Нийтийн баялаг, газрын хэвлийн баялгийн талаар бүрэн гүйцэд ойлголтгүй байсны улмаас ашигт малтмалын хуулийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бид алдаа гаргажээ. Ашигт малтмалын лицензийг хэн түрүүлж өргөдөл өгсөн нь авах хууль гаргаснаар эрх мэдэлтэй байсан цөөнх баялагт хяналтаа тогтоох боломжийг олгож орхисон байна. Олигарх-цөөнх нийтийн баялагт хяналтаа тогтоон, үр шимийг нь сорон мөлжиж, баялгийн эзэд болох ард түмэн хоосон үлдсэн нь өнгөрсөн жилүүдийн том сургамж мөн. Ардчиллыг шинээр бүтээх үйл явц амаргүй байдгийг бидэнтэй ижил цаг хугацаанд шилжилт хийсэн Зүүн Европын орнуудын жишээ нотолж байна. Бүгдэд нь ололт дэвшил, алдаа эндэгдлийн аль аль нь байна. Ганц монголчууд онож, алдаж байсангүй. Ардчилсан түүхийн алдаа эндэгдэл нь бидний багш, оноо нь ч бидний багш байсан" гэдгийг дурджээ. 


Ташрамд дурдахад, Монголын оюутан, залуус  1989 оны 11 сарын 27-28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөний үеэр Монголын Ардчилсан Холбоог (МоАХ) байгуулжээ. Энэ цагаас Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг бататгах, хэлмэгдэгсдийг цагаатгах, ардчилсан тогтолцоог нэвтрүүлэхийг залуус шаардаж, жагсаал өрнүүлсэн юм. Цуглаан аажим эрчийг авснаар 1990 оны 1 сарын 21-нд нийслэлийн төв Сүхбаатарын талбайд цуглаанаа өргөн цуглаанаа өрнүүлсэн юм.  Цуглаан дээр МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг "МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч мөн" гэсэн томьёоллыг Үндсэн хуулиас хасахыг дахин шаардав. Үг хэлсэн хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг шаардаж, нэг намын тогтолцоог эсэргүүцэж байлаа. Энэ цуглаанд 100 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Монгол Улсын анхны улс төрийн цуглаан юм. 1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарлав. Өлсгөлөнд оролцогчдын тоо нэмэгдсээр 9-ний өдөр 33 хүрсэн юм. Өлсгөлөн зарлах тэмцэлд Ш.Нина гэх цор ганц эмэгтэй оролцож байжээ. Ийнхүү гуравдугаар сарын 8-9-нд үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд нам төрийн тэргүүн Жамбын Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогссон юм. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталснаар, Монгол улсад ардчилал, хүний эрх жинхэнэ утгаараа хэрэгжиж ардчилсан улс болов.

Холбоотой мэдээ