Монголд анх удаа Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-13 18:00:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа хамгийн том буюу 140 метрийн урттай тайз Д.Сүхбаатарын талбайд засжээ. Үүн дээр дуу дүрсний өндөр чанартай лазер гэрлийн үзүүлбэр толилуулахаас гадна олон гэнэтийн бэлэг 19.00 цагт задлана гэж Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болсон “Олон улсын ардчиллын өдөр”-ийн өдөрлөгийн үеэр АН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга С.Батзаяа мэдээллээ.



НҮБ-ын Ерөнхий ассамблейнаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Олон улсын ардчиллын өдөр” хэмээн тунхагласан. Түүнчлэн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Тиймээс АН-аас санаачлан Д.Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар энэ өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэж байна.



Өдөрлөгийн үеэр, “Өчигдөр ба өнөөдрийн Монгол” сэдэвт ардчиллын 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, цуврал номын нээлт боллоо. Мөн хүнсний экспо, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг, шатар, цэнгээнт бүжиг, сагсан бөмбөгийн тэмцээн, гар зургийн уралдаан болов.



Ховор машины үзэсгэлэнгийн хувьд, цуглуулагч нь УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга даргаар ажиллаж байсан Г.Батхүү агсан аж. Тэрбээр автомашин, техник, технологид дурлагч байсан тул түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, өнөөдрийн үзэсгэлэнгээр цуглуулгыг нь олонд сонирхуулжээ. Тэдгээр ховор автомашинуудыг Г.Батхүү агсан амьд ахуйдаа “Шунхлай” засварынхаа хамт олонтой хамтран өөрийн гараар нэг бүрчлэн сэлбэж, засаж, будсан байна.




Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, "30 жил гэдэг бол хүний ухамсартай амьдралын бараг талаас илүү хувь нь, нийгмийн агуулгаар авч үзвэл бүхэл бүтэн хоёр үе солигдох хугацаа юм. 1989 оны эцсээр Монгол оронд сэвэлзсэн ардчиллын анхны салхи Монголын нийгмийг үндсээр нь өөрчлөх, коммунист тоталитар дэглэмээс чөлөөт ардчилсан тогтолцоонд шилжих агуу хувьсгалыг эхлүүлсэн юм. Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу тайван замаар шилжсэн энэхүү хувьсгалын ачаар Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, бие даасан бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх боломжтой болж, эрх чөлөөт жам ёсны хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй орсон" хэмээн онцолсон.



Өдөрлөгийн талаар АН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга С.Батзаяагаас тодрууллаа. Тэрбээр, “Энэхүү өдөрлөг нь төрд тавих хяналтаа сайжруулж, сонгуульд идэвхтэй оролцох, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хадгалж үлдэхийг залуустаа уриалах зорилготой. Ардчиллын өдрийн хүрээнд өглөө эрдэмтэн судлаач, олон улсын байгууллага, улс төрийн намын төлөөлөлтэй хамтран эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Үүгээр өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнсэлж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа ярилцсан тэмдэглэлт үйл явдал боллоо. Түүнчлэн ардчиллын 30 жилийн бүх түүхийг багтаасан ном гаргаж өнөөдөр нэгдүгээр ботийг нээсэн. Тус номыг АН-ын дарга С.Эрдэнийн санаачилгаар судлаачид, улс төрчид, зохиолчдын баг жил гаруй хугацаанд ажилласан” гэлээ.



Өдөрлөгийн хүрээнд “Хаппи веритас” эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байлаа. Тус эмнэлгийн зүрх судасны эмч А.Наранцогттой уулзахад, “Нийт иргэдийн ихэнх хувь нь  зүрхний шигдээс болон даралт ихсэх өвчнөөр өвчилдөг. Тиймээс  манай эмнэлэг "Олон улсын ардчиллын өдөр"-ийн хүрээнд урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх зорилгоор даралт үзэж, мэдрэлийн эмчийн зөвлөгөө болоод хэвлийн эхо шинжилгээ,  элэгний В,С вирусийн оношилгоо, хэликобактерийг үнэ төлбөргүй шинжилж байна” гэлээ.

Д.Дэлгэрмөрөн





Холбоотой мэдээ