Автомашингүй өдөр ням гарагт тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-14 20:02:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 15-ны ням гарагт автомашингүй өдөр тохиож байна.

Энэ өдөр Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлах талаар нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн 39 чиглэлийг 271 тээврийн хэрэгслийн чиглэл замд өөрчлөлт орж, Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Их тойруугаар явах чиглэлд Баянбүрд, “Ардын Эрх”, Сансарын ШТС зогсоолоор, Нарны замаар явах чиглэлд Жигүүр гранд, ЗЦГ, Миний дэлгүүр зогсоолоор, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудад бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.



Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүдийн автобус, троллейбус нийтэд үйлчлэхгүй, зогсохыг иргэдэд анхааруулж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээвэрийн үйлчилгээний газраас мэдээлж байна.

Холбоотой мэдээ