Намууд мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг бууруулах асуудлыг нарийн тусгахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг УИХ-ын гишүүн С.Оюун нарын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх асуулгад хариулав.
Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Гаалийн болон НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмжийн татварыг бууруулах заалт оруулсан байна. Мөн өрхүүдийг түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, цахилгаанаар гэр байшингаа халаах ажлыг дэмжих зорилгоор цахилгааны үнийн урамшуулал олгож эхэлсэн талаар БОНХАЖ-ын сайд танилцуулав.
Тэрбээр, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нь нийгмийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2011-2015 онд 2011-2015 онд 175 мянган сайжруулсан зуухыг гэр хорооллын нийт өрхийн 97 хувьд тараасан. Мөн өнгөрсөн онд ДЦС VI-ын өргөтгөл, Амгалангийн ЦС болон бусад бүтээн байгуулалтын хүрээнд эрчим хүчний хүчин чадал нэмэгдсэн. Түүнчлэн автомашин хийгээр цэнэглэх станц нэмэх, хийн үнийг буулгах зорилгоор төмөр замын хийн тээвэрлэлтийн үнийг 1 сая 100 мянган төгрөгөөс 600 мянга болгож бууруулсан.
Үүний хүчинд 2015-2016 оны өвөл том ширхэгт тоосонцор 34 хувь, нарийн 15 хувь, азотын давхар ихсэл 6 хувиар буурсан. Гэхдээ хүхэрлэг хийн агууламж 54 хувиар өссөн байна. Өнгөрсөн өвөл цаг агаар олон жилийн дунджаас 2.1 хэм хүйтэн байсан тул түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотой хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдлээлсэн.
Яармаг, Нисэх орчмын 10 мянган хэрэглэгчид түүхий нүүрсийг цэвэршлүүлэх “clean coal” технологийг туршиж байна. Уг технологийг нэвтрүүлснээр утаа, үнс буурч байгааг хэрэглэгчид мэдээлсэн. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд түлхүү анхаарах болно” хэмээв.
Түүнийг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Улаанбаатар хотыг нүүрсээр бус өөр замаар халаах боломж байна уу” гэв.
Уг асуултад НЗД-ын орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ чиглэлээр хувийн хэвшлээс олон санал ирүүлж байгаа. Тухайлбал, цахилгаанаар халаах болон шингэрүүлсэн хийг нэрлэж болно. Олон Улс дулааны асуудлаа ихэвчлэн хийгээр хангадаг. Мөн сэргээгдэх эрчим хүчээр хангах чиглэлд судалгаа явуулж байна. Тухайлбал, Нийслэлийн харъяа 10 гаруй аж ахуйн нэгжийг сэргээгдэх эрчим хүчээр хангах туршилт явуулсан. Гэвч сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд өртөг өндөртэй байна” гэсэн хариулт өгөв.
Түүнчлэн яамд болон холбогдох агентлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгааг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тодруулав. Түүний асуултад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, “2016 оны эхний хуралдаанаар баталсан “Ногоон хөгжлийн төлөвлөгөө”-нд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бүх шатны яам, Тамгын газрын эрх, үүргийг тусгасан. Ногоон хөгжил, байгаль орчны чиглэлээр олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Нэг бүрчлэн ярихад ихээхэн цаг орно” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн С.Оюун НЗДТГ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгааг тодруулаад “2016 оны УИХ-ын сонгуул дөхөж байгаа тул улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээ нарийн тусгахыг уриалав.
Дэлхийн улс орнууд агаарын бохирдлоо орон сууцжуулах, инженерийн хангамж үйлчилгээг нэвтрүүлэх замаар бууруулдаг байна. Тиймээс Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл УИХ-ын гишүүдээс хүслээ.
Чуулган УИХ-ын гишүүн Д.Сумъяабазраас Ерөнхий сайд болон ЭМС-ын сайдад тавьсан асуулгаар үргэлжилж байна.
Ч.Ариунболд