Хөвсгөл аймаг БНХАУ-ын Эрээн хоттой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-16 21:56:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт дэвшүүлсэн Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна. Тус аймаг Герман, Солонгос, ОХУ, Япон, зэрэг оронтой хамтран ажилладаг бөгөөд энэ удаа БНХАУ-ын Эрээн хоттой  хамтран ажиллах санамж бичиг байгуулав.  

БНХАУ-ын Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Уул, Гадаад харилцааны газрын орлогч дарга Улаанхуар, Эмнэлгийн хорооны дарга Үндэс, Боловсролын газрын дарга Баатар тэргүүтэй зочид төлөөлөгчид Хөвсгөл аймагт айлчлав.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Ц.Баттогтох, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг нар тус хотын зочид төлөөлөгчидтэй уулзаж цаашид боломжтой бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хэрхэн  ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо. 

БНХАУ-ын Эрээн хот нь Монголчуудын хамгийн их зорчдог хот бөгөөд худалдаа арилжаа ихээр явуулдаг хилийн боомт юм. Хөвсгөл аймаг, БНХАУ-ын Эрээн хоттой санамж бичиг байгуулснаар тус аймгийн иргэд Эрээн хотоор зорчихдоо эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах, үзлэг оношилгоо хийлгэх, тус хотын сургууль, цэцэрлэгт хүүхэд багачуудыг сургах боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ үеэр Мөрөн сумын 2-р цэцэрлэг тус хотын Монгол цэцэрлэгтэй, Эрүүл мэндийн газрыг тус хотын Эмнэлгийн хороотой, Аймгийн ИТХ, Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хороотой хамтран ажиллах санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа. 

Холбоотой мэдээ