“Монгол Улсынхаа төлөө” чуулга уулзалт зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-09-17 16:29:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас “Монгол Улсынхаа төлөө” чуулга уулзалтыг есдүгээр сарын 16-ны өдөр Алтай хотноо зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойд зориулж Монгол Улсын Баатар М.Жанчивын хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон юм. Ёслолд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бүрэлдэхүүн, тэтгэвэр, чөлөөнд гарсан  бэлтгэл офицер, ахмад дайчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Чуулга уулзалтад оролцогчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, хил хамгаалал, цэрэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцсон юм.

Мөн үеэр тус аймгийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж байсан ахмадууд болон өдгөө ажиллаж буй алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж шагнасныг Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж гардуулав. Тухайлбал, Батлан хамгаалах яамны шагнал болох “Ахмад дайчин” медалиар Цагдаагийн газрын бэлтгэл дэд хурандаа Д.Ойнбилэг,  ШШГГ-ын бэлтгэл дэд хурандаа М.Батмөнх, Онцгой байдлын газрын бэлтгэл ахлах ахлагч Х.Дэмчиг, Н.Сандуйжав нарыг, “Эх орны төлөө” медиалаар Хошууч Э.Бадамсамбуу, Т.Баттүвшин, ахлах дэслэгч Н.Энхтайван, АЗДТГ-ын нягтлан бодогч Н.Наранцэцэг нарыг, “Дайчин алдар” медалиар хошууч М.Лхагвасүрэн, цагдаагийн ахмад Б.Сэнгэдамба, Д.Даваахүү,  ахлах ахлагч Э.Баярсайхан, А.Ариунбаатар, ахлагч Б.Баттулга, нарыг тус тус шагналаа. 

Чуулга уулзалтад оролцогчдод Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хамтарсан тоглолтоо толилууллаа.