ОРХОН: Уламжлалт анагаах ухааны өдөрлөгөөр 200 гаруй иргэнд үйлчилжээ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov
2025-12-15 17:22:14

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотод “Алтан тун-2025” уламжлалт анагаах ухааны өдөрлөгийг амралтын өдрүүдэд зохион байгууллаа.


Тус өдөрлөгт уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 эрүүл мэндийн байгууллага оролцож, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байна.


Мөн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болох Монголын органик ногоо, хүнсний холбооны Орхон аймаг дахь салбар, “Loving Hut” веган хоол, “Орхон сөд” эмийн сан, “Ачит андаг” ХХК, “Онц брэнд” зэрэг байгууллага эрүүл мэндийн цай, ундаа, бүтээгдэхүүнээ танилцуулан оролцжээ.


Өдөрлөгийн хүрээнд уламжлалт анагаах ухааны 50 гаруй эмч нарын үзлэг, зөвлөгөө үнэ төлбөргүй явуулж, “Be Happy Clinic” эмнэлэгээс хүүхдийн хөлийн нум, буруу гишгэлт, ачааллын оношилгоо, “Мажаа” эмнэлэг нурууны үзлэг, оношилгоо зэрэг үйлчилгээг 200 гаруй иргэнд хүргэжээ.


Өдөрлөгөөр хувь хүн бүрд тохирсон эрүүл мэндийн үнэлгээ, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн, эм тан, хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, уламжлалтын эмнэлгүүдийн үйл ажиллагааг цогцоор нь танилцуулсан байна.


Үзлэгт хамрагдсан дийлэнх иргэдийн дунд томууны өвчлөл их байгаагаас гадна хий, бадгана, зүрх судас, дотор эрхтний өвчлөл их байгааг уламжлалтын эмч нар үзэж тогтоожээ.