Энэтхэгт электрон тамхийг хоригложээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-19 11:08:39

ШИНЭ ДЕЛИ. /The Guardian/. Эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй электрон тамхины үйлдвэрлэл, импорт, худалдааг хориглож буйгаа Энэтхэгийн Засгийн газар лхагва гарагт мэдэгджээ.


АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор Нью-Йорк муж улс амт оруулсан электрон тамхийг хориглосон тус улсын хоёр дахь муж улс болсноос нэг хоногийн дараа дээрх шийдвэр гарсан байна.


"Электрон тамхины залуучуудад учруулах сөрөг нөлөөг зохицуулах зорилгоор уг шийдвэрийг гаргасан" гэж Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситхараман мэдэгджээ. Энэтхэгт тамхи татдаг насанд хүрэгчдийн тоо 100 сая давсан нь электрон тамхи үйлдвэрлэгч компаниудын хувьд нөөц бололцоо ихтэй томоохон зах зээлд тооцогддог байна.


Никотин, ус, уусгагч, нэмэлт амт оруулагч зэрэг найрлага бүхий электрон тамхийг тамхинаас гарахад ихээхэн тустай хэмээн олон нийт үздэг боловч үүний эрүүл мэндэд учруулах нөлөө одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ