Иргэд иргэний болон жолооны үнэмлэхээ сэргээлгэх үйлчилгээг хамгийн их авч байна

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2019-09-19 15:13:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр ХЗДХЯ-ны хаьяа газрууд  нээлттэй ажиллаж байгаа. Өглөөнөөс хойш  хамгийн их хүн цугларч, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа газар бол  Цагдаагийн Ерөнхий газрын  Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, лавлагаа зэргийг өдөрт нь хэвлэж өгч байгаа үйлчилгээ байв.

Энд иргэд олноор дараалан зогсож үйлчлүүлж байлаа. Гол нь иргэний үнэмлэхээ сэргээх, жолооны үнэмлэхтэй холбоотой үйлчлүүлэх гэж ийнхүү идэвхтэй, дараалал ихтэй болсон байна.  ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн ажилтнуудын мэдээлж байгаагаар "Жолооны үнэмлэхээ хаясан, хугацаа нь дууссан, түр үнэмлэхтэй иргэд өнөөдөр 16.00 цагаас өмнө 12 мянга 500 төгрөгийг дурын банканд тушаагаад, төлбөрийн хуудсаа, иргэний үнэмлэх, хугацаа нь дууссан түр үнэмлэх, лавлагаа, гадаад паспорт зэргийн аль нэгийг бүрдүүлээд ирэх юм бол захиалсан үнэмлэх нь өнөөдөр гарах боломжтой. Хэрэв торгуультай байвал заавал торгуулиа төлж барагдуулах шаардлагатай" юм байна.

2018 онд жолооны үнэмлэхийн бэлдэцийн хомсдол болон тендерийн асуудалтай холбоотойгоор жолооны үнэмлэх хугацаандаа олгогдоогүй. Энэ жилийн хувьд 2018 онд хуримтлагдсан жолооны бүх үнэмлэхийг хэвлэж тараасан. Гэвч өнөөдрийн байдлаар 30 мянган жолооны үнэмлэх эзнээ хүлээж байна. Өнөөдөр тус төвд жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, хугацаа дууссан гэх шалтгаанаар 300 хүн хандсан байна.



ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс иргэд хоёр төрлийн лавлагаа авна.  Тухайлбал, гадаадад оршин сууж байгаа иргэд Монгол Улсын жолооны үнэмлэхээ солиулах эсхүл гадаадын иргэд жолооны үнэмлэхийн лавлагаа авахдаа ханддаг. Иргэд бусад лавлагааг нэг цэгийн үйлчилгээ буюу ТҮЦ машинаас авах боломжтой. 2019 оноос эхлэн Монгол шуудан” ХК-тай хамтран иргэд жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, солиулах шаардлагатай тохиолдолд жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ нэвтэрсэн. Энэ хүрээнд жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гарсан даруйд нь хэрэглэгчийн хүссэн хаягаар хүргэх болно гэж дээрх төвийн ажилтнууд хэлж байна.  Иргэд  “Монгол шуудан” ХК-ийн аль ч салбараар дамжуулан захиалж болох аж.

Жолоочийн эрхээ зургаан сар, нэг, хоёр жилээр хасуулсан иргэдэд  ЦЕГ-ын  Бүртгэл хяналтын төв тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэх шинээр олгох, сунгах л үйлчилгээ үзүүлж байна.  Түүнээс биш эрхээ хасуулсан жолоочид үнэмлэхээ сэргээх ямар ч боломжгүй. Учир нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан тохиолдолд жолоодох эрхийг нь шууд түдгэлзүүлдэг. Тэр цагаас эхлэн компьютерын нэгдсэн  сүлжээнд тухайн иргэний мэдээлэл нь орж,  эрх сэргэх хугацаа нь автоматаар тоологдож эхэлдэг. Гаднаас ямар нэгэн байдлаар хандах, хувь хүний оролцоотойгоор эрх сэргээх ямар ч боломжгүй гэсэн зөвлөлгөөг бас энд өгч байна.

Өмнөх нээлттэй хаалганы өдөрлөгөөр тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн иргэдийн материалыг бүрдүүлж авдаг байсан бол энэ удаа тухайн үнэмлэхийг газар дээр нь хэвлэж олгож байгаа учраас ийнхүү олны хөлтэй газар нь яах аргагүй  ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв байлаа.

Холбоотой мэдээ