Л.Мөрдоржийн 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-20 14:34:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын филармонийн концертын танхимд өнөөдөр Монголын суу билэгт хөгжмийн зохиолчдын нэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.

Мэргэжлийн хөгжмийн  урлагийн байгууллагууд дор бүрнээ нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудаас шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэх ажил зохион байгуулсаар байгаа юм. 

Энэхүү концертыг алдарт хөгжмийн зохиолчийн “Миний эх орон” симфониор эхлүүлэх бол гоцлол хөгжимчин Д.Азбилэг “Уянгын сонат”-ыг нь тоглоно.

Л.Мөрдоржийн “Аз жаргалын минь эх орон” уран сэтгэмж сонсогчдод төдийлөн танил бус бөгөөд үүнийг анх удаа хөгжмийн залуу удирдаач Б.Анар удирдан тоглуулах гэж байна.

Ёочин хөгжимд зориулсан “Хаврын шувууд ирлээ” гоцлолыг Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Б.Алтантуул үзэгчдэд хүргэнэ. “Монгол кино” үйлдвэрийн шилдэг бүтээлүүдийн нэг “Анхны алхам” киноны “Хунгийн дуу”-г нь Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр дуулна.

Концертыг Ардын жүжигчин Л.Мөрдоржийн хөгжмийн шилдэг бүтээл “Алтан өргөө” киноны хөгжмөөр нь өндөрлүүлэх ажээ. Симфони найрал хөгжмийг маэстро Б.Батбаатар болон Б.Анар нар удирдана.

Энэхүү тоглолтыг Улсын филармони  “Л.Мөрдорж” сантай хамтран зохион байгуулж, БСШУСЯ  дэмжиж байна.

Өнөөдрийн тоглолтын үеэр үзэгчид нэрт хөгжмийн зохиолчийн гэр бүл, үр хүүхдүүдийнх нь төлөөлөлтэй танилцаж, уулзан, яриа хөөрөө өрнүүлж болох нь ээ.

Тоглолтыг хөгжим судлаач МУСГЗ Ч.Буянхишиг хөтөлнө. 


Холбоотой мэдээ