45 литрийн багтаамжтай ширэн хөхүүрийг 300 000 төгрөгөөр борлуулж байна

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2019-09-21 19:30:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дундговь-Түншлэл” зах зээлийн өдөрлөг есдүгээр сарын 20-нд Мандалговь хотын төв талбайд үйл ажиллагаагаа эхэллээ.

Орон нутгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлах, үйлдвэрлэгч, худалдан авагчдыг холбож өгөх, бизнесийн түншлэл, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх зорилгоор 2004 онд Мерси Кор Олон улсын байгууллагын санаачилга, дэмжлэгтэйгээр тус үзэсгэлэн худалдааг анх зохион байгуулж эхэлснээс хойш 15 жил уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.

Энэ л өдрүүдэд үйлдвэрлэгчид бүтэн жилийн турш юу хийж, юу бүтээж, бизнесийн ямар амжилттай яваагаа батлан харуулдаг, иргэддээ тайлангаа тавьж, борлуулалтаараа дүн тавиулдаг тийм л үйл ажиллагаа болдог.

15 дахь жилдээ зохион байгуулж байгаа Түншлэл-зах зээлийн өдөрлөгт оролцогчдын бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, сав баглаа боодол жилээс жилд сайжирч, жил бүр шинэ бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд таниулж, сурталчилж, худалдан борлуулдаг.

Энэ жилийн хувьд өрөм, арвайн гурилаар хийсэн “хавчуургатай өрмөнцөр”, ямааны сүүн чихэр, эсгий сөөхий, төмөр хаалга, механик ховоо, арьс элдэгч машин, шинэ сортын “газрын алим” улаан лооль, цэцгийн өвөрмөц шийдэлтэй тавиур, "Мандалговь хүнс" ХХК-ийн үйлдвэрлэсэн “Эрүүл мэндийн гурил” гээд олон шинэ бүтээгдэхүүн "мэндэлжээ".

Үзэсгэлэн худалдааны үеэр Сайхан-Овоо сумаас ирсэн айраг, Дэрэн, Гурвансайхан сумын ааруул, Сайнцагаан сумын иргэн Р.Мужилын тарьсан хүнсний ногоо, артишок ургамал, Эрдэнэдалай сумын үйлдвэрлэгч Л.Хулангийн үйлдвэрлэдэг ноолууран улавч эрэлт, хэрэгцээ ихтэй, иргэд ихээр худалдан авч байна.

Энэ жил айраг 3500, чихэртэй ааруул 30000, чихэргүй, ямааны сүүн ааруул 25000, нэг кг төмс 1500, манжин 1000, лууван 3000, эсгий олбог 60000, 45 литрийн багтаамжтай ширэн хөхүүр 300 000 төгрөгөөр зарагдаж байна.  

Үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилж, есдүгээр сарын 21-нд 14 номинацаар шилдэг бүтээгдэхүүнээ болон үйлдвэрлэгчдээ шалгаруулах ажээ.