Тэтгэвэрт гарсны дараах шинэ би
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Би Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт уртын дуучнаар 33 жил ажиллаад, гавьяаныхаа амралтад 2015 онд гарав аа.
Тэтгэвэрт гарсан хүн чинь “Насаараа л нэг ажил хийлээ. Өөр юм хийж үзье” гэж боддог юм билээ. Энэ бодол бараг хүн бүрд төрдөг байх. Гэсэн хэдий ч сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хүн нэг сурсан зүйлээсээ холдож хөндийрч чаддаггүй юм билээ. Би лав уртын дуунаасаа холдох нь байтугай бүр илүү ойртсон гэх үү дээ.
Сүүлийн үед хүүхэд залуус олон хэл, соёлд суралцаж, түүнийгээ шүтэх хандлагатай болж байх шиг. Ийм цаг үед уртын дуугаа хойч үедээ өвлүүлж үлдээхгүй бол амиа борлуулж, довоо шарлуулсан хэрэг болно биз дээ. Театрт ажиллаж байхдаа ганц нэг болов хүүхдийг уртын дуунд “дурлуулчих” санаатай дугуйлан хичээллүүлдэг байсан юм. Бодож байгаад “Эвийн эгшиг” дугуйлангаа үргэлжлүүлээд хичээллүүлэхээр шийдэв ээ. Азтай ч гэмээр юм уу тохиолдлоор, тэр үед аймгийн музейгээс дуудаад, нэг өрөө гаргаж өгөв өө. Одоо ч бид тэндээ дугуйлангаа хичээллүүлсээр байгаа.
Манай дугуйланд нас насны хүмүүс ирж суралцдаг. Ээж охин хоёр хүртэл сурч байх жишээтэй. Жилд 30 орчим хүн ирж сурдаг. Энэ жил 40 дөхсөн байх аа. Шавь нар маань эхнээсээ юм дуулгаж л байна. Миний анхны шавь бол уртын дуучин Б.Батцэцэглэн юм. Сая Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм хүндтэй цол хүртлээ. Хэдэн жил хичээл зүтгэл гаргасных, хурим найр эхлүүлэх хэдэн сайхан уртын дуучныг дорнын говьд нутагшуулж, өв тээгч болгон үлдээж байгаад багш хүний хувьд баяр төрдөг дөө.
“Эвийн эгшиг” дугуйлангийн багш, уртын дуучин Ч.Цэрэндэжид
Улаанбаатар