Д.Дэлгэрсүрэн: Монгол бичгийн хичээлийг аль болох бага ангиас заах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-11 12:04:39
oyuka_hu@yahoo.com

 “Сурагчид монгол бичгийн хичээлийг харь хэл мэт хүлээж авч байгаа нь хамгийн том бэрхшээл гэж”  монгол хэл, уран зохиолын багш Д.Дэлгэрсүрэн хэллээ. Тэрээр Орхон аймгийн “Ирээдүйн-Одод” сургуульд багшилдаг юм.  Тус сургууль спортын төрөлжсөн сургалттай бөгөөд 6-12 дугаар ангийн 160 сурагчтай. Д.Дэлгэрсүрэн багшийн санаачилгаар 9а ангийн 18 сурагч “Хүмүүн бичиг” сонин захиалдаг болжээ.

Анги удирдсан багш Д.Хашмаа энэ идэвх, санаачилгыг нь дэмжиж сурагчдынхаа хичээл зүтгэлд нь урам өгөх болж.  Хоёр багшийн уйгагүй хөдөлмөрөөр 18 сурагч үндэсний бичгээ судлах, мэдэх эрмэлзэлтэй болсон байна. Боловсролын байгуулагад 10 дахь жилдээ ажиллаж буй Д.Дэлгэрсүрэн багштай уулзлаа.

-Монгол бичгийг харь хэл мэт хүлээж авч буй сурагчдын сэтгэлгээг хэрхэн өөрчлөв?

-Бага, багаар л өөрчилж байна. Хүүхдүүд үндэсний бичгээ гадаад хэл мэт сэтгэж, уншиж, бичиж сурахдаа их “ялархдаг” болжээ.  Үүнийг арилгахын тулд хичээлээ уйдаахгүйгээр заахыг хичээдэг. Үсэг болон тоо бичсэн цаасыг ангидаа энд, тэндгүй наасан. Тоо нүдлэхгүй болохоор нь цагийнхаа тоог монгол бичгээр бичсэн. Манай сургуулийн танхим бүрийн гадна хаяг монгол бичгээр бичсэн тул хүүхдүүд эх хэлээ сайн сурахаас өөр аргагүй гэдгээ  ойлгох болсон.

-1990-ээд онд Монгол бичгийн хичээл 4 дүгээр ангиас ордог байсан. Сүүлд долоодугаар анги болж өөрчлөгдсөн. Харин өнгөрсөн жил 6 дугаар ангиас орж эхэллээ. Таны бодлоор аль нь оновчтой байна?

-Аль болох багаас нь заавал оновчтой гэж бодож байна. Учир нь бага ангийн багш нарын заах арга зүй дунд ангийн багш нарынхаас өөр байдаг. Монгол бичиг чинь үсэг заахаас эхэлдэг тул бага ангийн багш нар илүү заах магадлалтай. Эсвэл дунд ангид ордог багш нарт заах арга зүйн чиглэлээр сургалт явуулах хэрэгтэй.  Мөн сурагчид 9 дүгээр анги төгсөөд энэ хичээл дахин орохгүй гэж “баярладаг”. Гэтэл анги дэвших болон их, дээд сургуульд элсэж орох шалгалтын материалд Монгол бичгийн хичээлтэй холбоотой даалгавар заавал ирдэг. Иймд уг хичээлийг 12 дугаар анги төгстөл нь заах хэрэгтэй. Манай сургууль долоо хоногт хоёр удаа үндэсний бичгийн хичээл заадаг. Ялангуяа төгсөх ангийн сурагчдад дөрөвдүгээр улиралд түлхүү ордог.

-Сургууль бүрт “Эх хэлний зөвлөл” байгуулагдсан. Танай зөвлөл энэ хичээлийн жилд ямар ажил хийв. Ялангуяа сурагчдад хандаж?

-Юуны өмнө багш, сурагчдаараа  “Хүмүүн бичиг” сонин захиалуулсан. Жишээ нь 9а ангийн 18 сурагч бүгд захиалдаг. Сонингоо байнга уншдаг. Тэд үе тэнгийхнийгээ  “Харь хэлээр биш Үндэсний бичгээрээ өрсөлдье” гэж уриалдаг. Үүнийгээ давуу тал болгох болсон. Харин багш нар зарлалын самбар дахь мэдээллийн хуудсыг “Үндэсний бичгээр” бичиж эхэлсэнтэй холбоотойгоор босоо бичгээ судлах болсон. Энэ бол манай сургуулийн “Монгол бахархал” хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил юм.  Мөн сургуулийнхаа бүх багш, ажилчдаас Үндэсний бичгийн шалгалт авсан.

Манай улсад спортын сургалттай дунд сургууль зургаа бий. Үүний нэг нь Орхон аймгийн “Ирээдүйн-Одод" сургууль юм. Тус сургуулийн сурагчид ерөнхий эрдмийн хичээлээс гадна байт харваа, чөлөөт, жудо бөх, волейбол, таеквондогоор хичээллэдэг тул зав багатай гэнэ.  Гэсэн ч тэд үндэсний бичгээ сурахдаа бусад сургуулийн сурагчдаас илүү чармайлттай гэж анги удирдсан багш Д.Хашмаа хэлсэн юм. Мөн сурагчид нь “Хүмүүн бичиг” сонины арын  нүүрийн спортын мэдээг байнга уншдаг гэж ярилаа. Тус сургуулийн нийт сурагчдын 60 хувь нь Хөвсгөл, Хэнтий, Булган, Дорнод зэрэг хөдөө орон нутгаас ирсэн бөгөөд дотуур байранд амьдардаг аж. Дотуур байрны багш нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй тул гэрийн даалгаварт нь байнга тусалдаг гэнэ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ