Дорноговийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-28 15:50:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилж аймгийн ЗДТГ-тай хамтран эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил хөдөлмөрийг үнэлэх, урам зориг өгөх, тэдний хөдөлмөр зүтгэлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор "Эрүүл энхийн үйлстэн” ёслолын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Шилдэг сум, өрхийн эмчээр Зүүнбаянгийн Сум дундын эмнэлгийн дарга Ц.Болормаа, шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтнээр Замын-Үүд сумын Борхойн наран эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн М.Адъяа, шилдэг хүйн ээжээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн У.Урангуа, шилдэг сувилагчаар Өргөн сумын Эрүүл мэндийн төвийн ахлагч сувилагч Т.Ариунгэрэл шалгарав.

"Төгс фарм" эмийн сангийн эмийн санч Ц.Цэрэнхүү шилдэг эмийн мэргэжилтэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн механик, түргэний жолооч Т.Баттөмөр эрүүл мэндийн шилдэг ажилтан, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмч Г.Мөнгөнцэцэг эрүүл мэндийн шилдэг судлаач, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Х.Эрдэнэбулган шилдэг эмч болсон бол Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг эрүүл мэндийн шилдэг хамт олны өргөмжлөл гардлаа.

Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр, шилдэг хамт олныг таван сая төгрөгөөр урамшуулав.

Шагналыг УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд гардуулав.




Холбоотой мэдээ