Александра Панзарелли: Өдөрт 2000 орчим хүн Венесуэлээс дүрвэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-30 18:25:37
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2013 онд Венесуэл Улсад үүссэн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал даамжирсаар иргэдийг улсаа орхин дүрвэхэд хүргээд байна. Өдөрт 2000 орчим венесуэлчүүд улсаасаа дүрвэж байгаагийн 90 гаруй хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн байгааг Нью-Йоркийн Нийгэм судлалын шинэ сургуулийн профессор Александра Панзарелли өнөөдөр болсон “Хувийн өмчийг төр хэрхэн хамгаалах вэ?” лекцийнхээ үеэр онцоллоо.


Дэлхийн газрын тосны нөөцийн 26 хувийг эзэмшдэг Венесуэл улсын ДНБ-ий 40 гаруй хувийг уг бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Гэвч газрын тосны бүх үйлдвэрийг төрийн мэдэлд авсан нь гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа алдаж, бизнесийн орчин хумигдахад хүргэжээ. Хөрөнгийн хомсдол үүссэн энэхүү улсад инфляци хоёр сая гаруй хувьтай байгаа учир бараа бүтээгдэхүүний үнийг хяналтдаа байлгахын тулд хувийн хэвшлийг төрийн мэдэлд авах болсон юм.


Одоо тус улсын томоохон сүү сүүн бүтээгдэхүүн, кофе үйлдвэрлэгчид нийт боломжийнхоо 10 хувьд л үйлдвэрлэл эрхэлж байгааг АНУ-ын Нью-Йоркийн Нийгэм судлалын шинэ сургуулийн Латин Америкийн улс төр судлалын профессор Александра Панзарелли хэлэв.


Тэрбээр Аливаа улсын төр хэрэгцээтэй үед хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцдог байх хэрэгтэй. Хувийн хэвшлийг бүрмөсөн эрх чөлөөтэй байлгана гэдэг бас учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр тэдэнд зах зээлд чөлөөтэй өрсөлдөх боломжоор хангах хэрэгтэй. Тэр дундаа хөгжиж буй орнуудад энэ зарчим хамааралтай юм. Венесуэлийн олон үйлдвэрлэгч үүд хаалгаа хаасан. Хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл бараг байхгүй болсон гэж хэлж болно. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөж энгийн хүн авах боломжгүй болсон байгаа. Гол үйлдвэрлэж буй газрын тосны үнэ ч буурч байна. Иргэд тэр дундаа үйлдвэрлэгч ажиллах хүчээ гадагш алдана гэдэг хамгийн хэцүү болохыг та бүгд ойлгож байгаа байх. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй алхмууд зөв хэдий ч популизм асуудал дагуулж байна. Та бүгд ардчилал ямар үнэ цэнтэй зүйл болохыг Венесуэлийн жишээн дээр харж байгаа байх хэмээв.



Холбоотой мэдээ