Арвайхээр хотод Хүний эрхийн нээлттэй өдөрлөгийг зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-06 11:33:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Арвайхээр хотноо энэ сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэлэхдээ: “Хүний эрхийг ярихын тулд “Хүний эрх” гэж юу вэ? гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх бол хүн нийгэмдээ амьдрах боломж, нөхцөлийг хэлж байгаа юм. Бид өөрсдөө амьдрах боломж, нөхцөлөө бүрдүүлж, түүнийг төр хангаж өгнө. Хүн байгаа цагт хүний бүх боломж, нөхцөл хөндөгдөж байдаг. Хүний эрхийн асуудал хүн бүрт хамаатай. Тийм ч учраас энэ талаар ард иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөхөөр “Хүний эрхийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна” гэсэн юм.

Өдөрлөгийн үеэр төрийн захиргаа, хуулийн байгууллагуудын албан хаагчдын төлөөллийг "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалтад хамруулж, дээрх байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Хүний эрхийн Үндэсний комисс нь орон нутгийн иргэд, төрийн үйлчилгээг хүргэж буй албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголт олгох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийх зэрэг цогц ажиллагааг жилд 10 гаруй аймагт явуулдаг аж. 

Холбоотой мэдээ