Зеленский: Трамп Байденыг шалгуулахаар шахалт үзүүлээгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-07 11:29:00

КИЕВ. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчдийн нэг Жо Байденыг шалгуулахаар шахалт үзүүлсэн гэх мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский няцаагаад, Үндсэн хуулийн дагуу надад ийм эрх мэдэл байхгүй хэмээн мэдэгджээ.


“АНУ-ын Ерөнхийлөгч ямар нэгэн шахалт үзүүлээгүй бөгөөд ийм зүйл болох нөхцөл байдал үүсээгүй” гэж В.Зеленский “Kyodo” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрбээр Вашингтонд итгэл үл үзүүлэх эсэх ажиллагаа өрнөж эхэлснээс хойш гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа яриа өгсөн нь энэ юм.


"Манай улсын хуулийн дагуу АНУ-ын прокурорууд олон улсын хууль тогтоомжид үндэслэсэн хамтын ажиллагааны хүсэлт гаргасан тохиолдолд хамтран ажиллах боломжтой байдаг" гэж В.Зеленский хэлсэн байна.


Өнгөрсөн долдугаар сарын 25-нд Д.Трамп В.Зеленскийгээс ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж буй Ж.Байден болон түүний хүү Хантер нарыг шалгахыг хүссэн талаарх мэдээлэл Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өнгөрсөн есдүгээр сард цацагдсан юм.


Цагаан ордноос танилцуулсан АНУ, Украины төрийн тэргүүн нарын утасны ярианы тэмдэглэлд, "Украины Прокурорын газар уг нөхцөл байдлыг шалгана" хэмээн В.Зеленский хэлсэн байжээ. Харин тэрбээр “Kyodo” агентлагийн ярилцлагын үеэр хэлэхдээ, АНУ-ын хууль сахиулагчид туслалцаа хүссэн тохиолдолд мөрдөн шалгах хамтарсан хороо байгуулах боломжтой гэжээ. Мөн тэрбээр Украины Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч ямар нэгэн хэргийг мөрдөн шалгах үүргийг Прокурорын ерөнхий газар юм уу мөрдөн шалгах байгууллагын удирдагуудад өгөх эрх мэдэл байхгүй гэж нэмж хэлсэн байна.


Жүжигчин, хошин шогч асан В.Зеленский өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх үеэрээ Украин ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой дуулиан шуугианд татагдан орох ёсгүй хэмээн хэлж байжээ.


АНУ-ын төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх албан ёсны ажиллагааг эхлүүлээд байгаа бол Д.Трамп ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч мөн өөрт нь нөлөөлөхийн тулд Украинд олгох ёстой байсан цэрэг-техникийн тусламжийг саатуулсан гэх Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг няцаасан байна.


В.Зеленский 10 дугаар сарын 22-нд болох Японы Эзэн хаан Нарүхитог хаан ширээнд залах ёслолд оролцохоор Япон улсад айлчлахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ