Боловсролын салбарт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-09 14:51:53

Увс /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд Увс аймгийн боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болоод сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт, багш нарын баяр угтаж хийсэн ажлын талаар аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн И.Ганболдоос тодрууллаа.



-Энэ хичээлийн жилд Увс аймагт хэчнээн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа вэ? 

-2019-2020 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 34 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 30 нь төрийн өмчийн, дөрөв нь хувийн хэвшлийн цэцэрлэг байгаа. Эдгээр цэцэрлэгт нийтдээ 5510 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Аймгийн хэмжээнд 30 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас Цогцолбор сургууль хоёр, ахлах сургууль 15, дунд сургууль долоо, бага сургууль зургаа ажиллаж байна. Энд нийтдээ 17902 хүүхэд суралцаж байна. Өмнөх оноос хүүхдийн тоо 320-оор нэмэгдсэн.

Боловсролын салбарт 1650 гаруй багш, удирдах ажилтан ажиллаж байна. Энд цэцэрлэгийн үндсэн ба туслах багш нар ордог. Бусад ажилтнуудаа нэмэх юм бол 2500 орчим хүн Увс  аймгийн боловсролын салбарт ажиллаж байна.

-Өнгөрсөн долоо хоногт болсон багш нарын баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Монголын багш нарын 53, Дэлхийн багш нарын 25 дахь өдрийг тэмдэглэлээ. Энэ үеэр “Шавийн хайртай багш” үйл ажиллагааг зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн 70 багшийг хамруулсан. Тэгэхдээ эцэг эх, сурагчдаас санал авч багш нарыг сонгосон. Мөн “Шавийн хайртай багш” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион явуулсан. Гар зургийн уралдаанд гэхэд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүдээс нийтдээ 120 гаруй бүтээл, зохион бичлэгийн уралдаанд 150 гаруй бүтээл ирсэн. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхчүүдээс бүтээл их ирсэн бөгөөд чанар чансаа нь ч сайн байсан. Мөн багш нарын спортын бага наадмыг зохион явуулсан бөгөөд энд 22 багийн 500 гаруй багш сурган хүмүүжүүлэгч оролцож, спортын гурван төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан. Энэ сарын 5-нд “Ойрад” театрт багш нарын бага хурлаа зохион байгуулж, орой нь “Шавийн хайртай багш” цэнгүүнийг Бөхийн өргөөнд зохион явуулсан.

-Энэ хичээлийн жилд Увс аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Энэ онд Увс аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг өргөн хүрээтэй хийсэн жил боллоо. Тоочбол, Улаангом сумын 2,12-р багт тус бүр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо. Мөн Түргэн суманд 320 хүүхдийн суудалтай сургууль, Улаангом сумын Цогцолбор 2-р сургуульд 320 хүүхдийн суудал бүхий өргөтгөл шинээр барьж ашиглалтад орлоо. Дөрвөн цэцэрлэгт өргөтгөл барьж, 680 хүүхдийн ороор нэмэгдсэн. Улаангом сумын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 98 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. Улаангом суманд цэцэрлэгийн ачаалал өнгөрсөн онд 49,5 хувьтай байсан бол энэ онд 41,2 хувь болж ачаалал буурсан.

Увс аймгийн хэмжээнд 14 сургууль, цэцэрлэгийн их засварын ажил хийсэн. Үүнээс одоогоор Өндөрхангай сумын сургууль, Улаангом сумын 3, 6, 5-р сургуулийн дотуур байр, Хяргас, Малчин сумын цэцэрлэгийн барилгын ажил хараахан дуусаагүй байна. Гэхдээ энэ сарын 30 гэхэд бүгд ашиглалтад орчихно. Мөн Өндөрхангай сумын болон Улаангом сумын 1-р багийн цэцэрлэг, 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм. Ингэснээр эдгээр цэцэрлэгийн ачаалал багасна. Ялангуяа 3-р цэцэрлэгийн нэг бүлгийн ачаалал 52 хүүхэдтэй байдаг бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор 40 болж буурах юм. Тэс суманд дотуур байрны өргөтгөл, Давст суманд шинээр дотуур байрны барилгыг барьж байгаа. Ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно.

Мөн Өлгий, Бөхмөрөн, Зүүнхангай, Зүүнговь суманд спорт заал шинээр барьж байгаа. Үүнээс гадна Тариалан суманд 240 хүүхдийн суудалтай, Зүүнговь суманд 100 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилга, Наранбулаг суманд 640 хүүхдийн сургууль, “Ойрад” театрын шинэ барилга, усан бассейны барилга гэх мэт он дамнаж барих хэд хэдэн барилгын ажил байна. Одоогоор газар шорооны ажлыг хийсэн, тендер нь зарлагдсан, зураг төсөв нь батлагдсан байдалтай байгаа.

Нийтдээ 41 барилга угсралт, их засварын ажилд 25 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ