Сураггүй болсон иргэнийг айлын өвөлжөөнөөс олжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-10 21:12:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн харьяат иргэн Х /40 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/-г алга болсон өдрөөс хойш дөрөв хоногийн дараа эсэн мэнд олжээ.

Тухайн иргэнийг энэ сарын 4-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 10 дугаар сарын 6-ны өдрийн 18:30 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашин, тус сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 32 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 2 морь, ар гэрийн 6 хүн, 3 мотоцикл, нийт 43 хүн, 6 автомашин, 11 мотоцикл, 2 морьтой эрэн хайх ажиллагааг явуулж, 10 дугаар сарын 8-ны өдрийн 11:15 цагт олсон байна.

Иргэн Х гэрээсээ хойд зүгт 35 км-т Цагаан-Ус багийн “Шар магнай” гэдэг газарт малчин Э-ын өвөлжөөн дэх гэрт байхад нь олсон бөгөөд эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

"Гашуудлын нулимс гарах байх гэж итгэл алдарч байтал сайн сайхнаар эргэж, охинтойгоо баярын нулимстай уулзлаа. Энэ ажилд гүн туслалцаа үзүүлсэн бүх хүнд баярлалаа" хэмээн Жинст сум өндөр настан Д.Доржбат, С.Дагиймаа нар ярив.
Холбоотой мэдээ