Д.Ганболд: Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ахиц гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-17 10:54:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ мөрний ус хураах талбайд манай улс барихаар төлөвлөж буй усны байгууламжтай холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Хуралдаанаар 2017 онд Улаанбаатар хотноо болсон хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, цаашид хүлээгдэж буй ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.


Тодруулбал, ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааны ажлын явц, Шүрэнгийн УЦС болон Орхон гол дээр урсцын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслүүдийн Сэлэнгэ мөрний сав газар, Байгал нуур орчмын Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний батлагдсан ажлын даалгаврын талаар танилцуулга хийсэн юм. Харин Оросын талаас эдгээр төслийн ажлын даалгаварт санал шүүмж болоод "Эрдэнэт үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн "хүчиллэг" карьерын усыг цэвэршүүлэх төсөл"-ийн саналыг танилцууллаа.


Хуралдаанд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх хамтарсан ажлын  багийн Монголын талын дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан төлөөлөгчид,  Оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын захирал, ажлын багийн Оросын талын дарга Н.Р.Инамовоор ахлуулсан төлөөлөгчид оролцов.



Тус ажлын багийн Монголын хэсгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн үгэндээ Монголын талаас мэдээллийг ил тод байлгахад анхаарч Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжийн төслүүдийн талаарх явцын мэдээллийг Оросын талд тухай бүрд өгч ирснийг тэмдэглээд идэвхтэй уулзалт, харилцааны үрээр талууд харилцан ойлголцол, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.



Хуралдааныг удирдан явуулсан Монголын эрчим хүчний нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Ганболд: "ЭГУЦС-ын усан хангамж сайжруулах төсөл хоёр улсын хэмжээнд яригдаж  эхлээд цаг хугацааны хувьд  алдаж байгаа ч хил дамнасан усны асуудал яригдаж буй учир олон талын хууль эрхзүйн талаас маргаангүй байх нь зүй ёсны асуудал. Зарим асуудал дээр байр суурь болон ойлголцлын хэмжээний зөрүүтэй асуудал байсан ч өнөөдрийн хурлаас гарч буй протоколд гарын үсэг зурснаар ажлын явц тодорхой хэмжээнд ахиц гарч байна. Гарч байгаа асуудал дунд эдийн засаг, экологийн асуудал  голлож буй  ч зарим тохиолдолд улс төрийн нөхцөл байдал  улс хоорондын стратеги түншлэлийн асуудал  нөлөөлж байгаа юм шиг санагддаг. Тогтсон ажил  тэдэн онд бодит ажил хэрэг болж бүх асуудал шийдэгдэнэ гэж хэлэхэд хэцүү. Анх ажил эхэлсэн 1995-1996 онд бид асуудлаа дотроо шийдээд явах боломж байсан ч чадаагүйн улмаас олон улсын анхаарлын төвд орж цаг хугацаа алдаж байгаа асуудал гарч байна. Гэхдээ цаг хугацаа алдлаа гээд зүгээр суусангүй. Энэ ажил хоёр улсын хамтарсан ажлын хэсэг, эрдэмтэн судлаачид хэлэлцээд нэгдсэн байр сууринд хүрч байгаа нь өөрөө одоогийн цаг хугацаанд чухал болоод байгаа" хэмээв.


ОХУ талаас Монгол Улсын төлөвлөж буй усны эрчим хүч болон усны аж ахуйн төслүүдийн Байгал нуурт нөлөөлж болзошгүй нөлөөллийн экологи, нийгэм-эдийн засгийн үнэлгээг цогцоор нь хийх хэрэгтэй гэдгийг хуралдааны үеэр тэмдэглэлээ.


 

Холбоотой мэдээ