1953 онд гаргаж байсан ховор үзмэрүүдийг дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 16-нд "Найрамдал хамтын ажиллагаа -Соёлын дурсгалууд" үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээлээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны гурван жилийн ойг тэмдэглэхдээ гаргаж байсан үзмэрүүдийг энэхүү үзэсгэлэнд дэлгэснээрээ онцлог юм.
Тодруулбал, 1953 онд БНХАУ-аас авчирсан олон үзмэр болон Монголын удирдагчдын Хятад улсад айлчилж байх үед дурсгасан зүйлүүд энд тавигджээ. Хятадын удирдагч Мао Зэдун, Монголын удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зээгт наамал хөрөг, Хятадын ерөнхий сайд Жоу Энлайн Монголд хийсэн айлчлал, Хятадын барилгачдын бэлгэнд барьж өгсөн барилга, зам гүүрийн ховор гэрэл зургууд ч байна. Үнэт шаазан ваар, цайны иж бүрэн хэрэглэл, дурсгалын сэлэм, гоёлын чулуун зүүлтүүд, төрөл бүрийн чимэглэлт бэлэг дурсгалын зүйлс Монголын үндэсний музейн санд байдаг юм байна. Эдгээр түүхэн үзмэрийг ийнхүү 70 жилийн ойн өдөр дахин гаргаж, хоёр орны найрамдлын хуудсыг үзэгчдэд санууллаа.
"Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жил бол хоёр улсын харилцаа тасралтгүй гүнзгийрч, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн 70 жил байлаа. Монгол Улс бол хамгийн түрүүнд Хятад улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн орны нэг юм. 1950-1960 онд Хятад улс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр олон мянган хятад барилгачныг Монгол руу илгээж буцалтгүй тусламжаар үйлдвэрийн барилга, зам гүүр зэрэг маш олон барилга байгууламж барьж байгуулсан нь Монгол, Хятадын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсоор байна. Монгол, Хятадын хамтын ажиллагаа Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайхын автозамын төслүүд зэрэг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн олон том төслөөс эхлээд Монголын ард түмний шинэ орон сууцны барилга, хүнсний хэрэглээний жимс ногоо хүртэл хоёр улсын ард түмэнд цаг ямагт хаа сайгүй үр өгөөжөө өгч байна.
Си Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ мэдэгдсэн, Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулах оюутны тоог 1000-аар нэмэгдүүлэх, Монголын 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулах, Монголын талд монгол хэл рүү хөрвүүлсэн Хятадын 25 шилдэг олон ангит кино өгөх зэрэг ажил амжилттай хэрэгжсэнээр хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгосон юм. “Улаанбаатарын үдэш”, “Алсад суугаа ээж” зэрэг монгол дуунууд Хятадад өргөн дэлгэрсэн. “Бээжин хотын залуус”, “Чонон сүлд” зэрэг Хятадын дэлгэцийн болон утга зохиолын бүтээлүүд Монголын үзэгч, уншигчдад мөн ихээхэн сайшаагдсан" гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлснийг Хятадын элчин сайдын яамны танилцуулгад дурджээ.
Үзэсгэлэнд Монгол, Хятадын найрамдлын улаан туг, тухайн удирдагчдын найрсаг харилцааны бэлгэ тэмдэг болсон олон зүйл тавигдсан гэдгийг Монголын үндэсний музейн захирал Б.Сүхбаатар онцоллоо.