“Нарантуул “ худалдааны төвд “Залууст ээлтэй үйлчилгээ” аян өрнүүллээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-10-17 17:01:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн ЗДТГ, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон улсын худалдааны төв хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт өнөөдөр боллоо.

 Эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой тус аяныг ХНХЯ, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар дэмжин ажиллаж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О. Сэлэнгэ хэлэхдээ, “Иргэн бүрийн эерэг хандлага, эелдэг харилцаа нь эрүүл нийгмийг бүтээж, амжилтад хүрэх  үндэс болно. Цаашид үйлчилгээгээрээ манлайлан ажилласан хувь хүн, албан байгууллагыг урамшуулах, нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах юм. Залуучуудад зориулсан явуулын автобусны үйлчилгээгээр дамжуулан эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн даатгалын мэдээллийг худалдаа эрхлэгчид болон  худалдааны төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд өгч ажиллана. Мөн “Нарантуулхудалдааны төвд худалдаа эрхэлж  найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа 2 иргэнийг урамшуулан алдаршуулна. Цаашид  “Залууст ээлтэй үйлчилгээ аян”-ыг орон даяар өрнүүлэн, нийслэлийн 9 дүүргийн  томоохон худалдааны төвүүдэд болон жижиг худалдааны цэгүүдийг хамруулахаар төлөвлөөд байна” гэв.

Аяны хүрээнд Нарантуул” худалдааны төвд зарласан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд  залуучуудаа урамшуулдаг байх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх, эерэг хандлагад уриалж, хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн хувь хүнийг шалгаруулан нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм.

 

Холбоотой мэдээ