Бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлэх захирамж гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-20 00:11:24

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор захирамж гаргажээ.

Захирамжид бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлж ард иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заал, сумын Соёлын төвийн танхим, аймгийн Биеийн тамир, спортын газрын заал, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийн заалыг тус тус өглөө бүр 06.30-09.00 цагийн хооронд нээлттэй байлгах. Эдгээр цагуудад спорт заалнуудыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхийг дээрх газруудын захирал, дарга нарт үүрэг болгожээ.

Мөн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын цагийн зохистой менежментийг хийж өглөө бүр 06.30-09.00 цагт иргэдийг дасгал хөдөлгөөн хийхэд нь мэргэжил арга зүй, удирдлагаар ханган шинжлэх ухааны үндэстэй зөв зохистой амьдрах ухааны мэдээлэл өгөхийг даалгасан байна. Энэхүү захирамжийг 10 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд мөрдөн ажиллах юм байна.

Мөн 24 сумын Засаг дарга нарыг бүх нийтийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх ажлыг дэмжиж уриалан, төрөөс биеийн тамир спортын талаарх баримтлах бодлого, Биеийн тамир спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг даалгажээ.  Ийнхүү энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 24 сумын Соёлын төв, спорт заал, Эрүүл мэндийн төвүүдийн ажилтнууд нэг баг болж иргэдийнхээ эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө ажиллахаар боллоо.Тиймээс идэвхтэй хөдөлгөөнөөр өдөр бүр хичээллэж, бие бялдрын өв тэгш хүмүүжил, эрүүл амьдралын зөв дадал эзэмшиж, бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнд манлайлан оролцохыг нийт иргэдээсээ хүсэж, уриалж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ууланд аялах клубүүд долоо хоног

бүр авиралт хийдэг

Бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилготой захирамж энэ жил гарсан хэдий ч Завханы төв Улиастай сум бүх энэ ажлыг дөрвөн жилийн өмнөөс санаачлан ажилласан ажээ.

Тухайлбал Завханы явган аяллын клуб гэхэд сүүлийн гурван жил нийт томоохон 10 удаагийн явган аяллыг зохион байгуулаад байна. Явган аяллын клуб  долоо хоног бүрийн бямба гаригт Завхан аймгийн төвийн эргэн тойрны томоохон ууланд аялал хийдэг уламжлалтай. Тэдний анхны аялалд 100 гаруй хүн оролцож байсан байна. Харин өнөөдрийн байдлаар ууланд идэвхтэй аялдаг 70 гаруй иргэн байна. Тэд одоогийн байдлаар Богдын гол багийн нутаг дэвсгэрт орших Товцог хайрхан, Жинст хайрханд байнгын авиралтыг хийдэг. Дулааны улиралд Алдархаан сумын нутаг Мандаат ууланд аялдаг ажээ. Товцог хайрхан уулын өндөр нь далайн төвшөөс 2875 метр бол Жинст хайрхан нь 2400 метрийн өндөрт оршдог аж. 2017 онд  аяллын клубийнхэн аймгийн Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Очирваань хайрхан, Даян хайрхан ууланд аялал хийжээ. Энэ аялалд 30 гаруй залуус дугуйтай оролцож 135 км аялжээ.

Бүх нийтийн гүйлтэд иргэд идэвхтэй оролцдог

Улиастай сумын ИТХ, ЗДТГ-аас автомашингүй өдрийг жилд нэг удаа зарлаж энэ өдөр нийтийн биеийн тамирыг дэмжиж бүх нийтийн гүйлтийг зохион байгуулдаг уламжлалтай аж.

Энэхүү гүйлтэд сүүлийн гурван жил давхардсан тоогоор гэхэд 680 гаруй иргэн оролцжээ. Энэ үеэр тамирчид 40 наснаас дээш эрэгтэй, эмэгтэй, 40 наснаас доош эрэгтэй, эмэгтэй гэсэн дөрвөн төрлөөр Улиастай хотын төв зам дагуу таван км зайд уралдан өрсөлддөг байна. Уралдаанд бусдыгаа хошуучилсан болон идэвхтэй оролцдог гэр бүл, иргэдийг шагнаж урамшуулдаг байна. Бүх нийтийн гүйлт нь агаарын бохирдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто машинаас татгалзах, амьдралын хэв маягаа өөрчилж идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх зэргээр хүн амд мэдлэг, хандлага олгох, мэдээлэл сурталчилгааг өрнүүлэх зорилготой юм хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 Унадаг дугуйн аялалд 3270 иргэн оролцжээ

Завханы Улиастай сум Унадаг дугуйтай хөтөлбөрийг анх 2017 онд эхлүүлж үр дүн нь амжилттай явуулж байна.

Завхан аймаг дахь ХААН банк тус хөтөлбөрийг дэмжин унадаг дугуй худалдаж авах сонирхолтой иргэдэд хүүгүй лизингийн үйлчилгээг долоо хоногийн хугацаатай үзүүлжээ. 2017 онд гэхэд Улиастайн иргэд унадаг дугуйтай аяллын хоёр клубээр дамжуулан 70 хоногийн амралтын өдрийг давхардсан тоогоор 3200 иргэн, хүүхэд багачууд унадаг дугуйн аялал хийж өнгөрөөжээ. Мөн өнөөдрийн байдлаар унадаг дугуйн зориулалтын зогсоолыг Завханы төвийн төрийн 56 байгууллага гаднаа байршуулсан байгаа. Мөн энэ жил дугуйн зориулалтын замын ажил хийж байна хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Эргэлтэт дугуйгаар 1700 гаруй хүн хичээллэжээ

Завханд спининг буюу “Эргэлтэт дугуй”-н клубт 2017 оноос давхардсан тоогоор хөгжлийн бэрхшээлтэй 170 гаруй хүүхэд, залуучууд үнэ төлбөргүй амжилттай хичээллэжээ.

Энэ клубт хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Тодруулбал анх 2016 онд байгуулсан тус клубт сүүлийн дөрвөн жилд давхардсан тоогоор 1700 гаруй иргэн хичээллэсэн байна. Энэ жил гэхэд тус клубт байнгын 130 иргэн хичээллэжээ. Тус клуб хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж булчин суллах, мөн огт хөдөлгөөнгүй саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөний эвсэл оруулах эмчилгээний дасгал хөдөлгөөнийг зааж эмчилгээ хийдэг байна. Мөн клуб нь үйлчлүүлэгчдэдээ суурин дугуйн дээр дасгал хийлгэхээс гадна фитнес, булчин суллах бариа, толгойн бариа, бүтэн биеийн эмчилгээний бариа засал, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө, нурууны суултын эсрэг дасгал, зөвлөгөө өгдгөөрөө бусад клубээс давуу талтай ажээ. Завхан спининг клуб нь Монголын Тусгай Олимпын хороотой хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст зориулсан "Хамтарсан фитнес хөтөлбөр"-ийг сүүлийн гурван жил явуулж байна. Энэ хөтөлбөрөөр өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 130 орчим хүүхэд үнэ төлбөргүйгээр бэлтгэл сургуулилт хийжээ.

Хөтөлбөрт оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн сайн дурын 5-12-р ангийн сурагчид хамтдаа хамрагддаг байна. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд ахисан шатанд хүрдэг төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй, найз нөхөд болох, тэднийг ойлгох дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд илүү өөртэй итгэлтэй болдог. Хөтөлбөрийн зорилтот хүүхдүүд долоо хоногт гурван өдөр олон талт фитнес хичээлд хамрагдаж байсан бөгөөд бие бялдрын хувьд ч маш том өөрчлөлт орсон. Энгийн хүүхдүүд маань энэ хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгоход олон сонирхолтой санаачилга гаргадаг тухай Монголын Тусгай олимпын хорооны Завхан дахь төлөөлөгч дуулгав.

 Улиастайчууд унадаг дугуйтай наадамладаг

Завханы Улиастай сумынхан унадаг дугуйтай хөтөлбөрийн хүрээнд иргэдээ наадмаар унадаг дугуйтай наадамлахыг уриалж ажил хэрэг болгожээ.

Наадмын өдрүүдээр хүн бүр автомашинтай хөдөлгөөнд оролцож багагүй түгжрэлийг үүсгэдэг. Тиймээс унадаг дугуйтай наадамлах нь цагаа, халаасан дахь мөнгөө хэмнэх, цаашлаад эрүүл мэндэд хэрэгтэй юм хэмээн аймгийн дугуйн клубүүд уриалжээ. Наадмын үеэр тус клубүүд нэгдэж хоггүй наадамлахыг уриа болгож клубийн сайн дурын идэвхтнүүд, аймгийн Хот тохижилтын албатай хамтран баярын үеэр хог цэвэрлэх, зайлуулах, иргэдэд хогийн уут тараах үйл ажиллагааг явуулдаг болжээ.

Дугуйгаар өдөр тутмын ажлаа амжуулдаг давлагаа сүүлийн хоёр жил эрчимтэй өрнөсөнтэй холбоотой дулааны улиралд долоо хоногт нэг удаа дугуйн аяллыг зохион байгуулдаг байна. Энэ аялалд өнөөдрийн байдлаар 4700 гаруй иргэн хамрагдсан байна. Тиймээс унадаг дугуйг дулааны улиралд өдөр бүр хэрэглэж амралтын өдрөөр хязгаарлахгүйгээр ажилдаа болон өдөр тутамдаа унадаг дугуй унаж хэвших, байгаль орчноо хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, хувь хүн бүр дугуй унаж санхүүгийн хэмнэлт хийж тогтвортой зөв дадлыг амьдралдаа хэвшил болгохыг дугуйн клубүүд уриалдаг байна.  

Теннисийг бүх нийтийн спорт болгоно

Улиастайд анх 2015 онд 70 гаруй настай ахмад багш Б.Хаданхүү анхны теннисний дугуйланг нээн ажиллуулснаас хойш тав дахь жилдээ сургалтаа явуулж байна.

Тэрээр дугуйлангаа хичээллүүлснээс хойш 260 гаруй шавьтай болжээ. Өнөөдөр аймгийн хэмжээнд долоо хоногт 12-14 цаг Баруун бүсийн олимпод бэлтгэх төв, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын байранд тус тус хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд зориулсан ширээний теннисний дугуйлан байнга хичээллэж байна. Энд давхардсан тоогоор 70 гаруй хүүхэд, 57 насанд хүрэгчид хичээллэж байна. Хичээлээс бусад цагаар хүүхдүүдийг зөв боловсон хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болгон хүмүүжүүлэхэд энэ спорт чухал үр нөлөөтэй. Теннисээр хичээллэхэд зөвхөн бие эрүүл чийрэг болоод зогсохгүй, хүмүүжлийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд энэ спортоор хичээллэснээс хойш биеийн тамирын хичээлдээ сайн болсноос гадна хүнтэй зөв харилцаж сурах, биеэ даах чадвартай болох гээд олон зүйлийг сурч тэсвэр хатуужилтай болно. Теннис бол бүх нийтийн спорт, тоглож чадахгүй, сурахгүй хүн гэж үгүй хэмээн ахмад багш дуулгав. 

Холбоотой мэдээ