Өмнөх онуудад гарсан зөрчил, дутагдал давтагдсаар байна гэж дүгнэжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-24 15:16:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, өмнөх жилүүдэд хүргүүлсэн хоёр удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцжээ.

Өмнөх онуудад хийсэн шалгалтаар тус аймагт хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулдаг, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас улсын төсөвт хохирол учруулсан, Сум хөгжүүлэх сан болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрч байжээ. Иймээс 2017 онд 12, 2018 онд 13 чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байна.

Дээрх зөвлөмжүүдийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байгаа аж.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг хэтрүүлэн хэрэглэх, Засаг даргын нөөц хөрөнгө, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг зөрчлүүд давтагдсаар байна гэж ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, 13 сумын Засаг даргыг гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг, сургуулийн барилгын зураг төсөл хийлгэхээр 9.3 сая төгрөг зарцуулжээ.

Харин хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах, бүртгэх, хянах, үндэслэлгүй дүрэм журмуудыг цэгцлэх ажлыг зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж байгаа хэмээн дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ