Нийт эмийн бүтээгдэхүүний 24 хувь нь улсын бүртгэлгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-04-14 10:20:11

Өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал тус газрын хурлын танхимд болж “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэв.

Уг шалгалтаар манай зах зээлд худалдаж буй нийт эм, эмийн бүтээгдэхүүний 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй ноцтой зөрчил илэрчээ. Энэхүү аяныг МХЕГ-ын баталсан 6 бүлэгт хамаарах 24 ажил бүхий нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд улс орны хэмжээнд зохион байгуулсан юм.

Аяны хүрээнд хяналт шинжилгээ, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээ, сургалт сурталчилгаа зэрэг шалгалт хяналтын бүхий л төрлөөр эмийн чанар, аюулгүй байдлыг хангуулах ажлыг хэрэгжүүлжээ. Өнөөдөр зах зээлд худалдаж буй эмийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийхэд Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4000 орчим эм бүртгэгдсэнээс 597 нь нянгийн эсрэг үйлчилгээтэй эм буюу антибиотек эм байна.

Нянгийн эсрэг үйлчилгээтэй эмүүдээс амоксициллин 95, ципрофлоксацин 52, ампициллин 40, метранидазол 27, бензилбезоат пеннициллин 24, цефтриаксон 23, азитромицин 16, цефатаксим 14, цефазолин 10, доксициклин 8 янзаар тус тус бүртгэгджээ. Эдгээрээс нянгийн эсрэг бүртгэгдсэн нийт эмийн 35,3 хувийг амоксициллин, ципрофлоксацин, ампициллин эзэлж байна. “Антибиотекийн идэвхи тодорхойлох” шинжилгээнд нийт 35 улсын 82 нэрийн эмнээс дээж авч МХЕГ-ын Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд эмүүд фармакопейн шаардлага хангаж байгаа боловч үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй байв.

Энэ оны 3 дугаар сарын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 15 эмийн үйлдвэрийг төлөвлөгөөт хяналт шалгалтын шинжилгээнд хамруулж, зах зээлд худалдаалагдсан 15 эмнээс дээжийг нь эмийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд 15 хувь нь шаардлага хангаагүй дүнтэй гарчээ. Эдгээр эм, бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулж хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахаар 9 байгууллагад нийт 94 заалт бүхий албан шаардлагаар үүрэг даалгавар өгчээ.

2016 оны 3 дугаар сарын байдлаар 76 хувь буюу 893 нэрийн эм улсын бүртгэлд бүртгэгдсэн нь 2014 онтой харьцуулахад 48 хувиар өссөн үр дүн гарсан ч 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь ноцтой зөрчил хэмээн шалгалтын дүгнэлт гарчээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ