"Оскар"-ын хүндэт шагналыг Дэвид Линч хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-28 16:36:22

НЬЮ-ЙОРК. /AP/. Америкийн кино найруулагч Дэвид Линч кино дэлгэцийн урлагт гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийнхээ төлөө “Хүндэт Оскар”-ын шагналыг хүртжээ. Шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын “Hollywood and Highland Center” төвд ням гарагт болсон байна.


Дэвид Линчийн хамт уг шагналыг Италийн найруулагч Лина Вертмюллер, Америкийн жүжигчин Уэс Стьюди нар хүртсэн бол хүмүүнлэгийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсны төлөө олгодог Жин Хершолтын нэрэмжит шагналыг жүжигчин Жин Дэвист олгожээ.


Америкийн кино урлагийн академийн бусад шагналаас ялгаатай нь "Хүндэт Оскар"-ын шагналын эздийг академийн удирдах зөвлөлийн хүрээнд тодруулдаг ажээ.


Энэхүү шагналыг "Оскар"-ын шагнал гардуулах гол ёслолын үеэр гардуулдаг байсан боловч эдгээр шагналын ач холбогдлыг онцлох зорилгоор тусгайлан үдэшлэг зохион байгуулдаг болсон байна.

Холбоотой мэдээ