Шуурхай албаны автомашины жолооч нарыг чадавхжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-29 10:55:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ОБГ-аас гал унтраах, шуурхай албаны автомашины жолооч нарт хууль, дүрмийн мэдлэг болоод техник хэрэгсэл ашиглах чадавхийг нь нэмэгдүүлэх сургалт дадлагыг зохион байгуулсан байна.  

Сургалтаар жолооч нарт тэдний үүрэг, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр мөн давхар мэдлэг олгох ажээ. Мөн алба хаагчдын жагсаалын бэлтгэл, үзлэг зэргээс гадна тээврийн хэрэгсэл ашиглах журам, автомашины хөдөлгүүр, явах эд ангийн засвар үйлчилгээ, цэргийн нийтлэг дүрэм, гамшгийн голомтод холбоо зохион байгуулалт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг сэдвээр 16 цагийн танхимын сургалт явуулжээ.

Мөн аранзтай хоёр км-ийн явган марш үйлдэх, аранзны үзлэг, жолооны дүрмийн карт бөглөх, мэдлэг сорих, жолоодлогын ур чадвар сорих дадлага ажлуудыг хийсэн байна. Эл үйл ажиллагаа нь зөвхөн гал унтраах, шуурхай албаны автомашины жолооч нарын дунд болсон бөгөөд сургалт, дадлагыг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулжээ. Сургалт дадлагад гал түймэр унтраах аврах 36, 40, 19, 61 дүгээр анги, Эрэн хайх аврах анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн жолооч, механик жолооч, нярав бүхий 37 алба хаагч хамрагдсан аж. Эл үйл ажиллагааг танхимын сургалт, жолоодлогын дадлага гэсэн хэлбэрээр хоёр өдрийн хугацаанд зохион байгуулжээ.  

Холбоотой мэдээ