СЭЛЭНГЭ: “Эрүүл ахуй, ариун цэвэрт ээлтэй сургуулийг бий болгох нь" төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-13 11:01:21

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, НҮБ-ын хүн амын сантай хамтран "Охидыг хүчирхэгжүүлэх нь: “Эрүүл ахуй, ариун цэвэрт ээлтэй сургуулийг бий болгох нь" төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэхээр болсон юм.

 

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр тус сангийн тэргүүн Халид Шарифи болон Элчин сайд Шэнь Миньжуань нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн орчин нөхцөлтэй танилцаж, сурагчдын санал сэтгэгдлийг сонслоо.

 

Уг төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төсөлд Сүхбаатар сумын 2 дугаар сургууль, Алтанбулаг, Баянгол сумдын сургуулиуд хамрагдахаар боллоо.

 

Энэхүү төсөл нь алслагдсан сумдын сургууль, дотуур байрны охидын сарын тэмдгийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, тэднийг эрүүл ахуйн боловсролоос хоцрохоос сэргийлэхэд онцгой ач холбогдол өгөх юм.

 

Цаашид сургуулийн ариун цэврийн орчныг сайжруулах, охидын эрүүл мэндийн чиглэлээрх ажлуудыг түлхүү зохион байгуулна гэдгээ төслийн багийнхан хэлж байлаа.

 

Түүнчлэн төслийн хүрээнд ариун цэврийн өрөөний орчныг сайжруулах, багш, ажилтнууд, эцэг эхчүүд болон хөвгүүдийн ойлголтыг дээшлүүлэх, чадавхжуулах, охидод нэг удаагийн болон олон дахин ашиглах ариун цэврийн багц олгоно.

 

Мөн үндэсний хэмжээний судалгаа хийж, удирдамж боловсруулах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийх юм. 

Холбоотой мэдээ